Дэлхийн сэтгүүл зүйн дээд шагнал “Плутцер”-ийн эзэд тодорчээ.

Сэтгүүл зүйн дээд шагнал болох Плутцерийн эзэд тодорчээ. Нийт 21 ангилалд 2500 материал бүртгэгдсэн байна. ”Олон улсын сэтгүүлч” номинацид оны шилдэг сэтгүүлчээр “New York Times” сонины сурвалжлагч  Дэвид Барбоз шалгарчээ. Тэрбээр Хятадын төрийн дээд албан тушаалтнуудын авилгатай холбоотой нийтлэлээрээ хүртсэн байна. Оны “шилдэг залуу тоймч” номинацид “Wall Street Journal”-ийн сэтгүүлч Брет Стивенс өрсөлдөж, АНУ-ын гадаад бодлогын асуудлаар хөндсөн сэдэв нь Плутцерийн шагналыг авчирчээ. Харин гэрэл зургийн төрөлд “АР”, Франц-Пресс”агентлагийн гэрэл зурагчин Сирийн тухай цуврал зургаараа хүртсэн байна.

Плутцерийн шагнал нь АНУ-ын сэтгүүл зүй, уран зохиолын шилдэг бүтээлд жил бүр олгодог дээд шагнал юм. Нью-Йорк дахь Колумбийн их сургуулийн шүүгчид Плутцерийн эздийг шалгаруулдаг бөгөөд шүүгчдийн онцолсноор “Олон улсын сэтгүүлч” номинацид оны шилдгээр шалгарсан Д.Барбозыг Хятадын эрх баригчдын зүгээс хүчтэй “дарамт шахалт” үзүүлж байсан ч зоригтойгоор материалаа нийтлүүлж байжээ. Плутцерийн шагналыг мөн ”Денвер пост”-ын сурвалжлагчид Колорадо дахь “Аврора” кино театрт өнгөрсөн зун цуст аллага үйлдсэн үйл явдлын талаарх цуврал нийтлэлээрээ хүртжээ. Харин “эрэн сурвалжлах” номинацид орон нутгийн цагдаа нар ажлын бус цагаар Флорида мужийн хурдны зам дээр уралдаан зохион байгуулдаг ба энэ нь нутгийн иргэдийн амьдралд эрсдэлтэй байдал дагуулж байсан тухай Форт Лодердейл сан-сентинел-ийн сурвалжлагчийн нийтлэл түрүүлжээ. Мөн “Орон нутгийн мэдээ” төрөлд хувийн яслиудад хүүхэд эндсэн тухай материал нийтэлсэн “Миннеаполис стар трибюн” сониныхон хүртжээ.