Шувуудын нүүдлийн замыг хааж болохгүйгээс хойш өөрсдөө болгоомжлох хэрэгтэй

Шувууны ханиад гарсан хэмээх мэдээлэл хэвлэл мэдээллийн сувгаар цацагдаад багагүй хугацаа өнгөрч байгаа төдийгүй дэлхий нийтийг цочроосон мэдээлэл болоод байна. Монголын Засгийн газар болон Эрүүл мэндийн байгууллагууд, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын ерөнхий газар гээд бүхий л холбогдох газрууд уг шинэ төрлийн ханиаднаас сэргийлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа ажээ. Хамгийн түрүүнд иргэд өөрсдийн амь нас, аюулгүй байдлын үүднээс дор бүрнээ анхаарал болгоомжтой байх нь чухал юм. Яагаад гэвэл Монгол оронд яг одоо нүүдлийн шувууд ирэх улирал болоод байна. Зарим нутагт аль хэдийнээ шонхор, тас зэрэг шувууд нүүдэллэж иржээ. Энэ нь юу хэлээд байна вэ гэхээр тухайн шувуу ямар ч төрлийн халдварт өвчин тээж ирсэн байж болох магадлалтай. Олноороо шувуу үхсэн тохиолдолд судалгаа хийнэ. Одоо дахиад тогоруу, ангир, тожгор тас зэрэг олон шувуу манай оронд зуншихаар ирнэ. Шувуудын нүүдлийн замыг зогсоож чадахгүйгээс хойш хувь хүн бүр хувийн ариун цэврийг сахиж, хяналтыг өндөржүүлэх хэрэгтэй юм. Монгол орон шиг хүн ам багатай улсад ирвэл аюулт үзэгдэл болно гэсэн үг. Ийм учраас иргэд гол устай, шувуутай газар ойртохгүй байх нь зүйтэй. Мөн хөдөө орон нутгийн айлууд ч гэсэн нуур цөөрөмд ойр буухгүй байх, хэрвээ шувуу олноор үхсэн байвал тэр дор нь холбогдох газруудад мэдээлэл хүргэх хэрэгтэй. Нийслэлийн иргэдийн хувьд тахиа, шувууны мах болж өгвөл хэрэглэхгүй байх, Гандан хийдүүдэд цуглах тагтаа шувуудад хүрэхгүй байх, ханиадны голомтот улс руу явахгүй байх зэргийг анхааруулах хэрэгтэй юм. Мөн амьтны дэлгүүрээс амьтан авахдаа ч сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Ер нь шувуунаас хүнд халддаг 20 гаруй төрлийн өвчин байдаг гэсэн судалгаа байдгаас зарим нь хүнийг үхэлд ч хүргэх аюултай ажээ.