Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны “Хаан” танхимд “Цахилгаан шугамын байгууламжийг байгаль орчинд ээлтэй болгох боломж” сэдэвт зөвөлгөөн боллоо. Монголд 1970-аад оноос нийт жигүүртэн шувуудыг судлан, анги зүйлийг нь тодорхойлж, тэдгээрийг хамгаалах алхмуудыг хийж эхэлжээ. Саяхныг хүртэл энэ төрлийн ажилд хангалттай хөрөнгө төсөвлөгдөж чадахгүй байсантай холбоотойгоор дархан цаазат болон нэн ховор шувуудыг хамгаалах тал дээр дорвитой алхам хийгдээгүй байжээ. Шувуу судлалын эрдэмтэн, багш нарын судалгаагаар өнгөрсөн онд 41 зүйлийн нийт 945 шувуу цахилгаан дамжуулах шугаманд цохиулан зүй бусаар хорогдсоныг тогтоожээ. Эдгээрийн дотор 200 орчим идлэг шонхор хийгээд ховор махчин шувууд байжээ. Монголд 6, 10, 15, 110, 220 киловатын цахилгаан дамжуулах шугам нь ийнхүү шувуудын аминд хүрсээр байгаа аж.
Профессор Ш.Болдбаатар “Аль эртнээс л идлэг шонхор тэргүүтэй нэн ховор,дархан цаазат шувууд өндөр хүчдэлд цохиулан олноороо хорогдох болсон. Харамсалтай нь нэн ховор, дархан цаазат шувуудаа энэ маягаар зүй бусаар үрэгдэхийг нь зогсоох тал дээр дорвитой алхам хийлгүй өнөөдрийг хүрсэн байна. Ихэнхдээ цахилгаан дамжуулах 15 киловатын хүчдэлд цохиулан үхэх нь элбэг. Бүр өндөр хүчдэлийн 60 шон дамжин хориод шонхор үхэж байсан ч удаатай. Хориод шонхорын зах зээлийн ханш 100 гаруй сая төгрөг гэж тооцвол 60 км-ийн өндөр хүчдэлийн дамжуулах шон барих өөрийн өртгөөс давсан дүн юм. Тиймээс цаг алдалгүй олон улсын байгууллагуудтай хамтран “Ногоон хүрэм” төслийг хэрэгжүүлэх шаардлагтай байна. Энэ төслийн хүрээнд 15 киловатын өндөр хүчдэл дамжуулах шугамын шувууд ихээр үхэж байгаа хэсгийг цахилгаан дамждаггүй материалаар бүрэх юм гэв.