Монголын зөгийчдийн III чуулган болжээ.

Өмнө нь 1977, 1982 онд Монголын зөгийчдийн чуулган зохион байгуулагдаж байжээ. Харин энэ удаад 30 гаруй жилийн дараа дахин зохион байгуулагдаж байгаа бөгөөд 250 гаруй зөгийчид хүрэлцэн ирсэн байна.  Дэлхий дахинаа чулуун зэвсгийн үеэс л зөгийн балыг хэрэглэж, зөгийг гаршуулж эхэлсэн бол Монголд 1959 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд зөгийн анхны аж ахуй байгуулагдаж, улмаар 1977онд залуу зөгийчдийн холбоо байгуулагдаж байжээ.

Монголын зөгийчдийн нийгэмлэгийн үзэж байгаагаар Сэлэнгэ, Төв аймгаас гадна Архангай, Завхан, Дорнод, Хэнтий зэрэг балт ургамлаар элбэг аймгуудад зөгийн аж ахуйг байгуулах боломжтой ажээ. Сүүлийн жилүүдэд зундаа хур багатай, хурц нартай байх өдрүүд олширсон тул балт ургамлын ургалт муудаж улмаар зөгийн балны гаралт муудсан байна.

Монголын зах зээлд жилд дунджаар 200 гаруй тонн зөгийн бал импортоор орж ирдэг ба тэдгээрийн инэнх нь үйлдвэрийн аргаар боловсруулсан тэжээллэг, амин дэмээр тун хомс байдаг байна. Харин дотоодын зөгийн аж ахуй эрхлэгчид жилд 30 гаруй тонн цэвэр байгалийн гаралтай зөгийн балыг бэлтгэдэг ч тэдгээрийг худалдан борлуулах тал дээр багагүй хүндрэл тулгардаг байна. Энэ мэтчилэн асуудлуудаа хэлэлцэн, зөв шийдлийг олохоор ийнхүү зөгийчид чуулжээ.