А.Равдан: Миний бие Еншөөбү овогт бөгөөд 1936 онд ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Үж сумын нутагт төрсөн. Ар Монгол руу нүүдэллэх Баргын их нүүдлийн сүүлч 1945 онд байсан юм. Эдүгээ тэр сүүлч болсон хүмүүс нь Дорнод аймгийн нутагт халх, буриад, үзэмчин нартай ах дүү шиг аж төрж байна.
Барга ястан бид одоогийн ОХУ-ын Байгаль далай орчмоос гаралтай бөгөөд Барга ястны гарал үүсэл, туулсан зам, түүх соёлын онцлогоос хойч үедээ мэдүүлэх нь одоогийн бидний үүрэг юм.
1945 онд нүүж ирсэн барга ястнуудыг Япон болон Манж улсын тагнуул хэмээн хэлмэгдүүлж байсан билээ. Түүх мэдэхгүй цөөнх нь өвөрмонгол, хятад гаралтай гэж үздэг. Баргууд нь Ар Монголын хойд хэсгийн монголчууд юм. Нүүж ирсэн баргуудыг тагнуул хэмээн хэлмэгдүүлж байсан учраас Ар Монголд анхнаасаа байсан барга ястангууд өөрсдийгөө нууж бусад ястан үндэстэнд уусаж орсон тал байдаг.
Өнөө үед Монгол улсын бүх аймгуудад баргууд аж төрдөг. Түүнээс зөвхөн Хөлөнбуйр болон Гурванзагал суманд нэлээн олон тооны баргууд байдаг. Мөн төв аймгийн Сэргэлэн, Баян, Баянжаргалан, Завхан аймгийн Сантмаргац зэрэг сумдад барга ястан байгаа гэсэн судалгаа бий.
2007 онд Хөлөнбуйр суманд барга ястаны “Баргуужин” анхдугаар наадам болж, ОХУ, ӨМӨЗО-нд амьдарч байгаа баргууд оролцож, бөх барилдаж, морь уралдаж, “Барга ястны түнх” харвааг харвасан. Хоёрдугаар наадам 2011 онд зохион байгуулагдахад Монголд байгаа барга ястангууд, ОХУ, ӨМӨЗО-ны барга монголчууд оролцсон юм. “Баргуужин” III наадмыг ОХУ-ын “Баргуужин” раойнд 2015 онд хийхээр тохирсон билээ. Эдүгээ Улаанбаатар хотод “Барга судлалын холбоо” төрийн бус байгууллага ажиллаж байна.