Жилд гурван тэрбум төгрөгийн ашиг олж байсан идлэг шонхрыг

Өчигдөр БОНХ-ийн сайд С.Оюун сэтгүүлч нартай нээлттэй ярилцаж, салбарынхаа бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр тэрээр ан амьтад болон тэдгээрийг агнах зөвшөөрлийн талаар дурьдлаа.

Ан агнаж төсвийн орлогыг нэмэгдүүлэх нь буруу хэмээн тус яам үзэж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд гадаадын анчдад зөвшөөрөл олгож улсын төсөвт ихээхэн хэмжээний хөрөнгө төвлөрүүлж байжээ. Тухайлбал, идлэг шонхор шувууны экспортоос жилд гурван тэрбум төгрөгийн ашиг олж байсныг зогсоож идлэг шонхрыг хилээр гаргахыг 5 жилээр хориглосон гэнэ.

Өнгөрсөн жилүүдэд 50-70 угалз, 300 орчим тэх агнуулах зөвшөөрөл олгодог байсныг 3-10 дахин цөөлсөн байна. Мөн Богдхан уулын Дархан цаазат газар, Горхи Тэрэлж, Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт газар ашиглах зөвшөөрөл олгохыг түр зогсоосон хэмээн салбарын сайд сэтгүүлч нартай уулзах үеэрээ хэлсэн юм.