МЗХ-ны
дэргэдэх “Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв”, Өвөрхангай
аймгийн “Дэлхийн өв – Орхон голын нүүдэлчид” аялал жуулчлалын холбоотой
хамтран Орхоны хөндийн хуурай хог хаягдлыг цэвэрлэх аяныг зохион
байгуулаад ирсэн байна. Тус аянд нийтдээ 90 гаруй залуучууд хамрагдан, 3
шөнө, 4 өдөр аялахдаа гадаад дотоодын жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй бүс
нутгууд болох Элсэн тасархай, Үүртийн тохой, Орхоны хүрхрээ, Төвхөн
хийд, Хархорин гэсэн маршрутаар явж, тухайн бүс нутгийн хуурай хог
хаягдлыг цэвэрлэжээ. Эдгээр бүс нутгуудад жуулчид ихээр очдог ч, ундаа
усны сав, чихрийн цаас, тамхины иш, архины шил, лааз зэрэг хуурай хог
хаягдал ихээхэн байдаг нь гадаад дотоодын амрагч жуулчдад таагүй
сэтгэгдэл төрүүлдэг тул энэ цэвэрлэгээний аяныг зохион байгуулжээ. Энэхүү аянд хамрагдаад
ирсэн залуучууд “зүгээр л амраад, хэрэглэсэн бүтээгдхүүний хогоо байгаль
экологид хаяад ирэх биш, харин ч хаясан хогийг цэвэрлээд, залуучууд бид
хамтдаа сайхан нөхөрлөөд ирсэн нь хамгийн дурсамжтай бас сэтгэлд өег
санагдаж байна” гэдгээ ам уралдан яриж байлаа. Юутай ч залуучууд маань
замд ядарсан гэдгээ ажрахгүй, байгаль эх дэлхийгээ цэвэрлэх аянд сайн
дураараа нэгдэж, хамт олон болж, гар бие оролцоод ирсэн нь бахархууштай.
Иймэрхүү ажил цаашид олон зохиогдоосой гэж залуучууд хүсэж байна.