Тэгвэл шинэ цагийн өнгө төрхөд нийцүүлэн эртний ном, судруудыг цахим, тоон хэлбэрт шилжүүлэн, эрдэнэ болсон эх судруудыг нь элэгдэж үрэгдэхээс сэргийлэх, он цагийн эрхээр салбарч ноорсныг нь орчин үеийн аргаар засч тордох ажлуудыг Монголын Үндэсний номын санд эхлүүлээд байна.
Монголын үндэсний номын санд Монголын ном, бичгийн соёлын хосгүй үнэт бүтээлүүд хадгалагдан буй. Нөгөөтэйгүүр Үндэсний номын санг монгол үндэстний төдийгүй Төв Азийн түүх, бичиг соёлын төвийн өлгий гэж үнэлдэг.
Гагцхүү олон зууныг элээсэн тэр үнэт нандин бүтээлүүд цор ганц хувиас гадна цагийн саалтад үзэж судлах хүний гарын ая даахад бэрх болжээ. Одоо тэгвэл орчин цагийн технологийн дэвшилд тулгуурлан цахим программ нэвтрүүлж хосгүй нандин ном судруудыг гараараа барьж бус компьютерийн дэлгэцнээс харж унших боломж бүрэн нээгдлээ. Ганцхан хувь ховор бүтээлийг хэн нэгний уншиж дуусахыг хүлээж, гар дамжуулан үнгэж элээх бус компьютерээс татан зэрэг зэрэг уншиж, бүр хэвлэж авах бололцоог бүрдүүлжээ.
Энэ боломж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгтэйгээр бүрдээд байна. Уг төсөлд Ерөнхийлөгчийн санаачлагаар 800 гаруй сая төгрөг зарцуулжээ. Монголын үндэсний номын сангийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит уншлагын танхимд дижитал номын санг нээх ёслолын ажиллагаа тавдугаар сарын 1-нд болсон юм. Ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Үндэсний төв номын сангийн захирал Х.Чилаажав, ном бичгийн эрдэмтэн мэргэд, лам хуврагууд, олон нийтийн төлөөлөл оролцлоо.
Өнөөдрийн байдлаар монгол судлалын сан хөмрөгөөс Монгол Ганжуур, шунхан барын Данжуур зэрэг 3000 гаруй монгол ном судар, газрын зураг, төвд сан хөмрөгөөс Жалзэтэмбан Ганжуурын 110 боть, Цал барын Ганжуурын 108 боть бүхий таван төрлийн барын Ганжуур тэргүүтэй 2800 гаруй боть ном, нийт 5800 гаруй ном судрыг тоон системд оруулжээ.