Жишээ нь, гадаадын иргэн тусгай хамгаалалттай нутагт нэвтрэхэд 5000 төгрөгийн
хураамж төлөх гэнэ. Өмнөх журмаар гадаадын нэг хүн 3000 төгрөг төлдөг байжээ.
Тусгай хамгаалалттай газар нутагт үзүүлэх ажил үйлчилгээний нэг удаагийн хөлс
төлөх журмын төсөл боловсруулахдаа 29 хамгаалалтын захиргаа, тур операторын үйл
ажиллагаа явуулдаг 22 аж ахуйн нэгж, байгууллага, 141 байгаль хамгаалагч, 1411
дотоодын жуулчин, 643 гадаадын жуулчдыг хамарсан судалгаа явуулжээ.
Энэ ажил хоёр сар үргэлжилсэн бөгөөд үүнд тулгуурлан дүн шинжилгээ хийсэн
байна. Мөн бусад орны тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн
хэмжээтэй харьцуулсан судалгааг хийсэн аж. Үр дүнг нэгтгэн, санал боловсруулж
Тусгай хамгаалалттай газар нутгийн төв, хангай, говийн бүсийн 17 хамгаалалтын
захиргаа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, аялал жуулчлалын байгууллага, ТББ, Олон
улсын байгууллагын төлөөлөл оролцсон таван удаагийн хэлэлцүүлэг зохион
байгуулж, эндээс гаргасан саналуудыг тусгасан байна.
Түүнчлэн ТХГН-т байгальд ээлтэй орчин үеийн дэвшилтэт автомашин, автобусаар
зорчсон бол нотлох бичиг баримтыг үндэслэн 20, оюутан 25, тэтгэврийн настан
болон 8-16 насны хүүхдийг 50 хувиар хөнгөлөхөөр тусгажээ.