500 жилийн өмнө бүтээсэн, Мин гүрний үеийн торгоны замыг зурагласан, 30 метр урт, Монголын газрын зургийг Бээжингийн дуудлага худалдааны танхимд байрлуулж 80 сая юанаас эхлэн дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Уул усыг зураглах аргаар бүтээсэн, 0.59 метр өргөн, 30.12 метр урттай уг зурагт Мин гүрний үеийн Жиа Юй гуан боомт буюу Урт цагаан хэрмийн баруун төгсгөлөөс Тянь Фан буюу одоогийн Саудын Араб хүртэлх 211 газрыг дүрсэлжээ. Ингэхдээ Хятад, Узбекстан, Тажикстан, Афганистан, Ливан, Тунис, Турк зэрэг 10 гаруй улсын газар нутгийг багтааж, их нарийн зурагласан бөгөөд "Дундад зууны дэлхийн газрын зураг" гэж нэрлэгджээ. Зургийн ард Чин гүрний үеийн нэрт номын дэлгүүр "Шан Ютан"-ы бичсэн "Монголын уул усны зураг" гэсэн хятад ханзнууд хадаастай. Уг зургийг өнгөрөгч зууны 30-аад оны үед Японы Киотогийн хувийн нэрт музей болох Фүжисаи Юринканд хадгалж байжээ. 2002 онд Бээжинд авчирсны дараа анхны шинжилгээ хийж, Мин гүрний дунд үеийнх болохыг нотолсон байна.