“Гэрлээр бичсэн Миний ертөнц” үзэсгэлэн нээлтээ хийнэ

 
Монгол улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан фото сэтгүүлч В.Баттулга өөрийн уран бүтээлийн “Гэрлээр бичсэн Миний ертөнц” гэрэл зургийн үзэсгэлэнгээ олон нийтэд дэлгэн үзүүлэх гэж байна.

Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 13.00 цагт Уран зургийн галарейд болох аж.

В.Баттулга нь ажил амьдралынхаа 27 жилийг монголын хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж, гэрэл зургийн сонин содон, өвөрмөц зохиомж, өнгө төрх, гэрэл сүүдрээр олон нийтийн мэлмийг баясган, өөрийн уран бүтээлч санаагаа хөгжүүлсээр ирсэн уран бүтээлч юм.

Энэ удаа өөрийн уран бүтээлээс дээжлэн аж байдал, хүүхэд, хөрөг гэх мэт сэдэвтэй нийт 100 гаруй гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэнгээ толилуулж байгаа аж.

Үзэсгэлэнд 1986 онд авсан түүний анхны гэрэл зургаас эхлээд урлаг спортын олны танил хүмүүсийн хөрөг зураг, эгэл жирийн ард түмний ахуй амьдрал, өхөөрдөм хөөрхөн хүүхэд багачуудын хайр татам агшин зэрэг сонирхолтой фото зургууд тавигдсан байна.