Туркчууд Хархорин хотод нисэх буудал барина

 Манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Рэжэп Тайп Эрдоан тэргүүтэй зочид өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод бараалхлаа.

Уулзалтын эхэнд парламентын тэргүүн “Энэхүү айлчлал олон зууны түүхийн хэлхээ холбоотой  Монгол, Түркийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л  салбарт улам бэхжүүлэн хөгжүүлэх,  ялангуяа хоёр талын эдийн засаг, худалдаа хөрөнгө оруулалтын чиглэлийн хамтын ажиллагаанд чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдсэн.       

УИХ-ын дарга З.Энхболд Түркийн Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу  олон улсын хамтын ажиллагааны агентлаг /ТИКА/ Монголын эртний нийслэл Хархорин хотоос эртний Түрэгийн  Билгэ хаан, Культегин хаадын хөшөө дурсгал орших Хөшөө цайдам хүртэл 46 км засмал зам тавьсан нь тийш зорчих нөхцлийг үлэмж сайжруулсан хэмээн онцлон дурдсан.

Түүнчлэн Хархорины нисэх буудлыг Түрктэй хамтран шинэчлэн байгуулахаар Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдааны үеэр яригдсанд баяртай байгаагаа илэрхийлээд Өвөрхангай аймгийн Хархорин суманд нисэх буудал баригдсанаар Түркийн иргэд Истанбул-Улаанбаатар-Хархорин чиглэлийн онгоцоор ирж, өвөг дээдсийнхээ хөшөө дурсгалд зочлох боломж нээгдэхийн зэрэгцээ аялал жуулчлал хөгжих онцгой ач холбогдолтой гарц болно хэмээн үзэж байгаагаа дурдсан юм.  Турк Улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Рэжэп Тайп Эрдоан Хархоринд нисэх буудал барих асуудалд хамтран ажиллахаа мэдэгдээд, Түркийн нисэх компани Монгол руу өдөр бүр нислэг үйлдэхээр төлөвлөж байгаагаа ч дуулгалаа.