Хүй долоон худагт “Монгол наадам цогцолбор” барина

 
Хүй долоон худагт Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааныг зохион байгуулдаг болсоор найман жил болж байгаа ч наадамчин олны ая тухтай, эрүүл, аюулгүй байдлыг хангасан орчин одоог хүртэл бүрдэж чадаагүй байгаа юм.

Жил жилийн наадмаар морин уралдааныг үзэхээр наадамчин олон цугладаг ч тоосжилт ихтэй, худалдаа үйлчилгээ явуулахад тохиромжгүй, нийтийн бие засах газрын хүрэлцээ муу, уралдаж байгаа морьдыг харах боломж бага зэрэг олон бэрхшээл байдаг.

Энэ асуудлыг шийдэхээр Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссийн гишүүд Хүй долоон худагт ажиллалаа.

Тэгвэл дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд “Монгол наадам цогцолбор” барихаар төлөвлөөд байгаа ажээ. Тиймээс энэ жилийн баяр наадмаас өмнө тухайн цогцолбортой уялдуулж, Хүй долоон худагт шинээр наадмын талбай барих болсон байна.

“Хүй долоон худаг”-ийн 900 га талбайг дөрвөн бүсэд хуваан тохижилтын ажлыг хийх, 20 мянган авто машины зогсоол бүхий талбайг хатуу хучилттай болгохоор төлөвлөжээ.

Мөн үйлчилгээний хэсэгт 10 мянган хүн нэгэн зэрэг хооллох, 5000 хүн нэгэн зэрэг худалдаа үйлчилгээ явуулах боломжтой байхаар тусгайлан талбай засч, энэ хэсгийн тоосжилтыг бууруулах зорилгоор эко хавтан байрлуулах юм байна.

Мөн амралтын бүсийг наадамчин олны ая тухай байдлыг хангахуйцаар тохижуулж байгаагаас гадна сэрүүн асар барьж, асарт том хэмжээний LCD дэлгэц байрлуулан наадмын морьдыг үзэх боломжоор хангахаар төлөвлөсөн байна.

Түүнчлэн морьдыг гараанаас бариа хүртэл үзэж болохүйц үзэгчдийн талбай гаргаж тохижуулахаар комиссын гишүүд ярилцжээ.

Наадмын үеэр хурдан морь үзэхээр ирсэн иргэд хорин хоёрын товчоогоор гарч, Шар хөвийн дөрөлжөөр давах ганц замаар зорчдог. Үүнээс болж морь бариа руу явах, буцах үед түгжрэл үүсдэг.

Тиймээс энэ жилийн хувьд энэ түгжрэлийг багасгахын тулд 361-ийн гармаар буцаах маягаар тойрог хэлбэрээр зорчуулахаар болжээ.

Уг ажлыг наадам зохион байгуулах комисс Ерөнхий сайдад танилцуулж Засгийн газрын хуралдаанаар шаардагдах хөрөнгийн асуудлыг хэлэлцүүлэхээр болжээ.