Уг төсөлд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын санал болгож нэр дэвшүүлсэн Төв Гандантэгчинлэн хийдийн номын санг үргэлжлүүлэн засварлах ажил шалгаран батлагдсан байна. Ийнхүү уг төсөл шалгарснаар Төв Гандантэгчинлэн хийдийн номын санг Принц Клаус Сангийн тусламжтайгаар бүрэн сэргээн засварлах боломжтой боллоо.
ЮНЕСКО сүүлийн жилүүдэд соёлын өвийг хадгалан хамгаалах асуудалд ихэд анхааран зохих арга хэмжээнүүдийг авч байгаа бөгөөд үүний нэг нь 2008-2012 оны хооронд хэрэгжүүлсэн “Зүүн Азийн орнуудын цаасан баримтат өвийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах нь” төсөл билээ. Энэхүү төслийн хүрээнд олон ажил хийгдсэний нэг нь “Цаасан баримтат өвийг хадгалан хамгаалж, сэргээн засварлах нь” сэдэвт цуврал онол практикийн сургалтуудыг зохион байгуулсан явдал юм.