Монголын нандин бурхад Москвад

Москвагийнхан тус хотод нээгдсэн “Гималайн эрдэнэс” хэмээх үзэсгэлэнг шимтэн үзэж байна. Оросын олон хотоор дамжуулан үзүүлж буй тус үзэсгэлэнд Монгол, Түвд, Бурад, Халимагийн буддын соёлын үнэт нандин дурсгалыг дэлгэн тавьжээ.

Дээр үед Монголоос Оросын эрдэмтэн, жуулчин наймаачдын аваачсан Ногоон дарь эх, суварга, хонх дамар, маш олон гуулин бурхан, зээгт наамал, хатгамал, хөрөг зураг, шашны дуу хөгжмийн зэмсэг /дун, бүрээ, цан гэх мэт/ зэрэг ховор нандин одоо бараг ганц хувь үлдсэн үзмэрүүд монголч эрдэмтэн судлаач төдийгүй нүүдэлчдийн соёлын түүхийг сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байна.

Эдгээр үзмэрийг хүмүүсийн хувийн цуглуулга, музейн сан хөмрөгөөс авсан бөгөөд дөрөв хоногийн дараа нүүдлийн үзэсгэлэн өөр хотод шилжих юм.