Монголчуудын гарал үүслийг судална

 Түүхч, угсаатны зүйч, генетикч, антропологич, археологич, хэл шинжээч 15 эрдэмтнээс бүрдсэн баг “Монголчуудын гарал, монгол угсаатан бүрэлдсэн нь” томоохон төсөл анх удаа хэрэгжүүлж эхэллээ.

Уг төсөл нь Ерөнхий сайдын ивээл дор хийгдэж байгаа аж. Монголчууд 2200 гаруй жилийн төрт ёсны түүхтэй, Азийн өвөг ард түмэн юм. Монгол орон нь эртний хүмүүсийн амьдарч, аж төрсөөр ирсэн өлгий нутгийн нэг гэдэг.

Сүүлийн үеийн судалгаагаар монгол нутагт наад зах нь 800 мянган жилийн өмнөөс хүн суурьшсан нь тогтоогдоод байгаа. Гэтэл монголчуудын угсаа гарал, монгол угсаатан хэрхэн үүсч бүрэлдсэн талаар гаднын зарим судлаачдын дүгнэлтийг эс тооцвол цэгцтэй ойлголт байдаггүй. Аливаа ард түмний угсаа гарал, угсаатан болж бүрэлдсэн асуудал бол тухайн ард түмний түүх, угсаатан судлалын тулгуур сэдэв.

Уг асуудлыг тодруулсанаар цаашдын судалгааны олон чиглэл салаалан хөгждөг. Тиймээс гарал угсаатны үүсэл хөгжлийг шинжлэн тодруулах нь Монгол үндэстний түүхийг шинээр авч үзэхэд чухал ач холбогдолтой гэж эрдэмтдийн баг үзэж байна.

Мөн уг төсөл хэрэгжсэнээр монголчуудын гарал, монгол угсаатан хэрхэн бүрэлдсэн тухай үндэсний эрдэмтдийн боловсруулсан шинжлэх ухааны шинэ үзэл баримтлал бий болно.

Энэхүү үзэл баримтлал нь бүх шатны сургуулийн сурах бичиг, гарын авлага, сургалтын агуулгын үндэс суурь болох юм байна.