Жуулчдын аюулгүй байдлыг хангах санамж бичгийг үзэглэлээ

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Батжаргал нар Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан байна. Уг санамж бичигт гадаадын аялагч, жуулчдын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, гарсан зөрчил гомдлыг шуурхай шийдвэрлэх, мэдээлэл, судалгаа харилцан солилцох, аялагч, жуулчид, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжийг сурталчлах, сургалт семинар зохион байгуулах асуудлууд тусгагджээ.

Тухайлбал гадаадын аялагч, жуулчдаас ирүүлсэн гомдол саналыг 48 цагийн дотор шийдвэрлэж, арга хэмжээ авах, хариу мэдээллэх тогтолцоо бүрдүүлэх, жуулчид олноор явдаг хотын төвийн хэсгүүдийг камерын хяналтад бүрэн оруулах, халаасны хулгай, танхайн хэргийн эрсдэл өндөртэй газруудад нэмэлт эргүүл гаргах, жуулчдад зориулсан аюулгүй байдлын санамж, зөвлөмж, ухуулах төрөл бүрийн материалуудыг гадаад хэл дээр гаргаж нисэх буудал, төмөр замын төв буудал, томоохон үйлчилгээний болон үзвэрийн газруудад байрлуулах аж.

Мөн цагдаагийн албан хаагчид болон аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын ажилтнуудад зориулж жуулчны аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, зөв боловсон харилцах, гадаад хэлний анхан шатны сургалтууд зохион байгуулах, нийслэл хотын аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд жуулчдын аюулгүй байдлыг хангасан орчин нөхцөлд үйлчилгээ үзүүлж байгаа эсэхэд байнгын хяналт тавих юм байна.