Монголчууд
тэртээ XIII зууны үед тэмээн поло тоглож байсан түүхийг харуулсан эртний хадны
сүг зураг ч бий гэдэг. Тиймдээ ч энэ удаад эзэн Чингис хааны сүрлэг хөшөө
цогцолсон “Цонжинболдог” цогцолборт тэмээн поло арга хэмжээ зохион
байгуулагдлаа.1000 гаруй км-ын цаана орших Баянхонгор аймгийн алслагдсан
сумдаас, Өмнөговийн Гурвантэс сум, Дорноговийн Улаанбадрах, Дундговийн
Дэлгэрхангай сум багийн тэмээчид энэ удаад хурд хүч авхаалж самбаагаа сорихоор
иржээ. Зургаан аймгийн 20 гаруй сумын 150 гаруй тэмээ энэхүү наадамд оролцлоо.
ҮХАА-н сайд Х.Баттулга уралдааны арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ ”Монголын үе
үеийн Засгийн газар малчдад чиглэсэн бодлогуудыг хэрэгжүүлсээр ирсэн. Тэмээн
поло арав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Сүүлийн жилүүдэд ховордож буй
хоёр бөхтэй тэмээний тоо толгойг нэмэгдүүлэх зорилго бүхий менежментийн арга
хэмжээний нэг нь энэхүү наадам юм. 1950-аад онд тэмээний тоо толгой анх удаа 900 мянгад хүрсэн.
Гэтэл энэ тоо 2002 онд 200 мянга болтлоо буурсан. Өнөөдрийн байдлаар 300 мянган
тоо толгой тэмээтэй болчихоод байгаа. Иймээс цаашдаа хоёр бөхтэй тэмээнийхээ тоо
толгойг өсгөхийн тулд олон арга хэмжээ авах ёстой. Үүний нэг бол өнөөдрийн
арга хэмжээ юм” гэв.
Спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл “Хоёр бөхтэй тэмээнийхээ ид хавийг
гайхуулахаар ирсэн Монголын соёлын өвийг тээж яваа тэмээчин, малчдаа талархснаа
илэрхийлье. Та бүхний өсгөн үржүүлсэн хамгаалж яваа монгол соёл болох тэмээ бол
аялал жуулчлалын хамгийн үнэ цэнэтэй зүйлийн нэг билээ. Тэмээн поло уралдааныг
өдий хүртэл зөвхөн Монголын тэмээн поло спорт уралдаан аяллын холбоо хэмээх
төрийн бус байгууллагын санаачлагаар явагдаж иржээ. Тэгвэл энэ жилээс эхлэн
уламжлалт аялал жуулчлалын үндэсний брэнд болгон цаашид Соёл спорт аялал
жуулчлалын яамнаас тогтмол хамтарч ажиллахаар боллоо” гэв.
УИХ-ын
гишүүн, Монголын тэмээн поло спорт уралдаан аяллын холбооны тэргүүн Ц.Оюунбаатар
“Монгол тэмээ бол дэлхийд ганцхан. Дэлхий дээр байгаа хоёр бөхтэй 500 мянган
тэмээний 300 мянган монголд байдаг. Хоёр бөхтэй тэмээн полоны тэмцээн Монголд
болж эхэлснээс хойш арван жил өнгөрлөө. Энэхүү тэмээн поло наадам жил бүрийн
гуравдугаар сарын 5-9-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байхаар боллоо.
Тэмээний хурд хүчийг сорьсон энэхүү тэмцээнийг тогтмол зохион байгуулснаар
өвлийн аялал жуулчлал хөгжих боломжтой. Монголын тэмээн поло уралдааны нэг
онцлог гэвэл ёс зүй өндөртэй, аливаа нэг авлига мөнгөний асуудлаас ангид, аль
нэг тэмээгээ өмчлөөд байдаггүй гэдгээрээ онцлог, давуу талтай. Монголчууд
зөвхөн хурдан морь төдийгүй тэмээгээ цаашид алдаршуулах болно. Бидний өвөг
дээдэс Чингис хаан дэлхийн талыг эзлэхдээ мориноос гадна тэмээтэйгээ явсан түүх
бий. Алс холын Зүүн өмнөд Ази, Номхон далай хүртэл тэмээгээр ачаагаа ачиж явсан.
Монголчууд маань тэмээндээ ойрхон байж тэмээгээ хайрлаж яваарай" гэв.