Туяхан биеэсээ гарамгүй зоригтой шувуу

  Хар тогоруу (Grus Monacha temminck) нь шувууны аймгийн тогоруу хэлбэртний баг болох тогорууны овогт багтана.

Монгол орны Архангай, Өвөрхангай аймгийн нутаг Орхон голын сав, урд Тамирын адгаар зусдаг. Гүвээ толгод, нуур намагтай, хүнтэй ойр байх дуртай ч ойн бүсэд ус намагтай газар үүрээ засна. 1971-1977 онд Архангай, Өвөрхангайн зарим нутагт хар тогоруу хэд хэд үзэгдсэнийг бүртгэж тэмдэглэсэн аж.

Энэ шувууг 1973 онд Монголын “Улаан ном”-д бүртгэн, агнахыг хуулиар хоригложээ. Манай оронд төдийгүй дэлхий дээр нэн ховордсон энэ шувууны толгойноос сүүл хүртэлх урт дунджаар 100-130 см, харьцангуй том биетэй, далавч нь дэлгэсэн үедээ 180-240 см урт, 4.5-6 кг жинтэй, сүрлэг шувуу юм. Алс хол газар нүүдэллэдэг.

Ер нь тогоруу богино хугацаанд хурдан нисэж, зорьсон газартаа түргэн хүрдэг онцлогтой. Нүүдэллэх үедээ шөнө буудаллан, үүр цаймагц нислэгээ үргэлжлүүлдэг, нүүдлээ хурдан дуусгахын тулд замдаа таарсан хамгийн өндөр уулыг ч тойролгүй давдаг зоригтой, тэвчээртэй шувуу.

Монголоос халуун орныг зорин нүүдэллэсэн тогоруун цуваа Гималайн өндөр уулсыг шууд даван нисдэг. Үүнийг хэд хэдэн тогорууны хүзүүнд зүүсэн GPS-ийн тусламжтайгаар гадаадын судлаачид илрүүлээд дуу алдан шагшиж, баримтат кино бүтээсэн байдаг. Цасан шуурга балбаж байдаг ийм өндөр уулсыг давахдаа тогоруу маш их ядарч туйлддаг. Дээрээс нь өндөр уулсын орчимд бүргэд, тас зэрэг махчин шувууд тэднийг отон дайрах нь бий.