Монгол бий биелгээг “Гиннес”-т бүртгүүлэхээр болжээ

 Өнө эртнээс уламжилж ирсэн биет болон биет бус өв соёлын шавхагдашгүй нөөцтэй ард түмэн бол монголчууд. Уртын дуу, хөөмий, монгол наадмаа ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлсэн бид өнгөрсөн жил 6002 бөх барилдуулж, “Гиннес”-ийн дээд амжилт тогтоосон.

Тэгвэл өдгөө монголчуудын амьдрал, тэмцэл, ахуй байдал, баяр жаргал, ёс заншлын илэрхийлэл болсон үндэсний уламжлалт бүжгийн хосгүй төрөл болох бий биелгээг “Гиннес”-т бүртгүүлэхээр зэхэж буй аж. Энэ жилийн улсын баяр наадмын үеэр 5000 бий биелгээчнийг нэг дор цуглуулж, биелүүлэх юм байна.

Нэг аймгаас 500 хүртэлх биелгээчинг оролцуулахаар төлөвлөж байгаа аж. Үүнтэй холбогдуулан хоёр сарын хугацаанд Монголын бий биелэг холбооны ДарханУул аймаг дахь салбарынхан ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, дуу хөгжмийн багш нарт бий биелгээний сургалт явуулж, энд суралцсан хүүхдүүдийг ирэх зургадугаар сард болох язгуур урлагийн бий биелгээний их наадамд оролцуулах гэнэ. Монгол бүжгийн намба төрх, монгол хүний сэтгэл хөдлөлийн онцлог чанарыг угсаатны бүжиг, бий биелгээнээс салгах аргагүй юм.

Бий биелгээ хийхэд хүний үе бүхэлдээ хөдөлдөг бөгөөд уран гимнастикаас хоёр дахин илүү хөдөлгөөн шаарддаг байна.