Ю.Цэдэнбалын гэр музейг байгуулах саналыг Ерөнхийлөгчид тавьжээ

Төр түмний удирдагч асан Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ой 2016 оны есдүгээр сард тохиох юм.
Энэхүү түүхэн ойг угтан  “Эрдэм судлалын төв- Ю.Цэдэнбал академи”-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Академийн зүгээс түүний хийсэн алдаа оноотой түүхэн үнэнийг залуу хойч үедээ мэдүүлэх, хэлмэгдсэн  байдлыг ойлгуулан таниулах ажлыг зохион байгуулж байгаа юм байна.

Ингэхдээ Монгол улсын нам төрийг тасралтгүй 44 жил удирдсан Ю.Цэдэнбал агсны түүхэн ойд зориулан хийж буй эдгээр ажлуудыг олны хүртээл болгох ажилд иргэд, ААН, байгууллагуудыг хандивын гараа сунгахыг уриалж байгаа юм.

Тус академийн гүйцэтгэх захирал Ц.Ядамсүрэн хэлэхдээ,
-Өнөөдөр Монголын төрд 4 жил ажиллаад өөрийн гэсэн хаустай болдог нь хэн бүхний нүдэн дээр ил байна. Бид үүнтэй барьцаж байгаа юм биш. Гэхдээ Монголын нам, төр, засаг, цэргийг 44 жил удирдсан төрийн тэргүүний гал голомт, орон гэрт харийн худалдааны нэгэн пүүс оруулсан нь Монголын төрт ёсны түүхэнд урьд өмнө нь гараагүй гутамшигтай үйл явдал болсон. Тиймээс түүний 40 гаруй жил амьдарсан түүхэн байрыг Ю.Цэдэнбалын музей болгох саналыг тавьж байна гэлээ.

Тэд энэхүү саналаа Ерөнхийлөгчид тавьсан боловч өдийг хүртэл хариу аваагүй тул ийнхүү хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэж байгаа аж.

Мөн түүнчлэн түүхийн үнэнийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх ажил цөөн хэдэн хүний биш бүх нийтийн ажил гэдгийг мөн сануулсан юм.