“Дүнжингаравын хурд 2013” уралдаан ням гарагт болно

“Дүнжингаравын хурд 2013” уралдаан ням гарагт болноМонголын морин спорт уяачдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Дүнжингаравын хурд 2013” уралдаанаа Хүй долоон худгийн Цагаан хөтөлд зохион байгуулах болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Уралдаанд эрлийз морьдыг ялгаж уралдуулах бол цэвэр цусны болон импортын морьдыг эрлийз морьдын уралдаанд уралдуулахгүй юм байна. Түүнчлэн уралдааны замд  хүүхэдгүй морийг барьж авч  дахин хүүхэд мордуулсан тохиолдолд шууд хасах аж. Мөн гарааны төхөөрөмж рүү бусдыг уриалж, тарлаж уралдсан морь тавиач болон унаач хүүхдийн унаж уралдсан морийг хасч, дараагийн уралдаанд оролцуулахгүй болохыг онцлон хэллээ.

Өнгөрөгч 2012 онд ММСУХ-ны дэргэд хурдан морь унаач хүүхдийн улсын зөвлөл байгуулагдаж, тэргүүн, тэргүүлэгч гишүүдээ сонгож байсан. Энэ зөвлөлийн гишүүд нь спортын мастер, спортын дэд мастер цолтой унаачид байдаг юм байна. Энэ удаад унаач хүүхдүүдийг “Практикал” даатгалд хамруулах аж.

“Дүнжингарав 2013” хаврын төвийн бүсийн  хурдан морины уралдааны бүртгэл гуравдугаар сарын 2-н хүртэл явагдах юм байна.

Хурдан хүлгүүдийн уралдаан гуравдугаар сарын 3-н буюу ням гарагийн 07.30 цагт эрлийз ангиллын дээд насны морьдын уралдаанаар эхлэх  бөгөөд 16.30 цагт түрүүлж айрагдсанг морьдыг цоллож, бай шагналыг гардуулах тухайгаа зохион байгуулагчид ярилаа.