“Нүүдэлчдийн өвлийн баяр” дөрвөн газарт болно

СCАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо өөрийн гишүүн байгууллагуудтай хамтран манай улсад өвлийн улиралд болдог уламжлалт баяруудыг нэгтгэн жуулчдад таниулж, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Нүүдэлчдийн өвлийн баяр” зохион байгуулж буй. Үүний хүрээнд зохиох мөсний баяр нь ирэх сарын 1-3-нд Хөвсгөл далайн зүүн өмнөд эрэгт болно. Энэ үеэр мөсөн шагайн харваа, морин чарга болон тэшүүрийн уралдаан зохиох гэнэ.

Харин бүргэдийн баяр ирэх сарын 5-нд уламжлал ёсоор “Чингисийн хүрээ” жуулчны баазад болно. Бүргэдээр ан бариулж, хамгийн сайхан үндэсний хувцастай, бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчин шалгаруулахаас гадна хаан бүргэдийг тодруулах юм байна. Үүний маргааш тэмээний баяр Өмнөговь аймгийн Булган суманд эхэлж, гурван өдөр үргэлжилнэ. Энэ үеэр тэмээ болон торомны уралдаан, малчдын авхаалж самбааг сорьсон “Тэмээтэй буухиа” тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ.

Баярын үеэр тэмээн пологийн аваргын төлөөх багуудын тоглолт сонирхож, “Тэмээ миний найз” сэдэвт гар зураг, шүлгийн уралдаанд оролцох боломжтой. Мөн ингэний сүү, сүүн бүтээгдэхүүн, гар урлалын үзэсгэлэн дэлгэж, зочдыг ингэний сүү, цагаан идээний анагаах ухаантай танилцуулах гэнэ. “Нүүдэлчдийн өвлийн баяр”-ын хаалтын үйл ажиллагааг ирэх сарын 9,10- нд Цонжин болдогт “Өвлийн фестиваль” нэртэйгээр зохион байгуулна.