Амь өрссөн аялагчид

 
Ус намгархаг газрын эргээр, эсвэл эрэг орчмын гүехэн устай хэсгээр амьдардаг жигүүртнийг эргийн шувууд гэдэг. Тэд урт нарийн хөл, өвөрмөц хэлбэртэй хошуу, тод өнгөөрөө бусдаасаа ялгарна. Тэдний урт нарийн хөл нь хоорондоо сарьсаар холбогдоогүй учир сэлж чаддаггүй. Эргийн шувуудын хэлбэр, хэмжээгээрээ харилцан адилгүй хошуунууд нь өөр өөрсдийн үүрэгтэй. Тухайлбал, тутгалжны урт хошуу шаврын гүнээс хорхой, хавч хэлбэртэн зэрэг амьтдыг олж идэхэд нь тустай бол алаг хайргач шувууны богино, бахим хошуу нь эргийн хайрга чулуу, хясааг эргүүлэн дороос нь идэш тэжээлээ олоход тохиромжтой. Элсэг шувууны богино, зөөлөн хошуу нь гол, нуурын эргийн элсэрхэг, шаварлаг хөрснөөс сээр нуруугүй амьтад олоход зохилдсон байна.

Монгол орны нийт жигүүртний 11.7 хувийг эргийн шувууд эзэлдэг. Энэ бүлэгт тутгалжин, элсэг, хиазат, хөгчүү, хөгчүүхэй, сэлээхэй, ноололдой, хараалж, хомноот, ухаа хөгт, шарандан, сүвээцагаан, хайргач, цууцал, хилэнжигүүрт, ээтэн, зуунхурга, хавтгайлж зэрэг нийт 56 зүйлийн шувуу багтдаг. Манай орны эргийн шувуудын ихэнх нь Өмнөд, Зүүн Өмнөд Азийн орнууд руу нүүдэллэдэг бол өнчин хараалж зэрэг зарим шувуу маш цөөн тоогоор хөлдөөгүй усан санд өвөлжинө. Эргийн шувууд нүүдлийн үедээ хэдэн мянгаараа сүрэглэн тэнгэрт “V” хэлбэр үүсгэн хурдтай нисдэг. Тэд цасан шуурга, хуй салхитай тэмцэж, өдрийн халуун, шөнийн хүйтнийг тэсч гаран, дэлхийн ус намгархаг газруудын хооронд нүүдэллэн шилжинэ. Үржих, өвөлжих нутгийнхаа хооронд жил бүр хэдэн мянган км замыг амь өрсөн туулдаг. Ийн нүүдэллэхдээ өөрөөсөө гадна шинэхэн төрсөн дэгдээхэйгээ асрах, халамжлах, хамгаалах, мөн амьдралын туршлага суулгах ихээхэн үүрэг хүлээдэг аж. Нүүдэллэхийн өмнө эргийн шувууд биедээ их хэмжээний өөх тос, энерги хуримтлуулах шаардлагатай. Хэрэв ингэж чадаагүй бол замдаа эрсдэх нь бий.

Алс холын аяллын үеэр бид амрахыг хүсдэг шиг эргийн шувууд нүүдлийн замдаа амарч, хооллох хэрэгтэй. Тэд гол, нуурын эрэг, адаг, тохой зэрэг устай, намгархаг газар амарч идээшлэн хүчээ сэлбэдэг. Сүүлийн үед идээшлийн газруудыг нь хүмүүс өөрчлөх болсноор эргийн шувуудыг хангалттай хүч тамираа сэлбэх боломжгүй болгож буй аж. Энэ нь шувууд турж, улмаар олноор эндэх аюулд хүргэж байгаа юм. Халбаганхошуут элсэг шувуу өнөөдөр мөхлийн ирмэгт тулсан нь үүнтэй холбоотой гэнэ. Эргийн шувууд хүнтэй ойр амьдрах хэрээ, шаазгай, бор шувуутай адилгүй, зэрлэг онгон байдаг. Иймээс ч тэд хүний нөлөөнд ихээхэн эмзэг. Шувууд хэдий чинээ үргэж ниснэ, төдий хэмжээний энерги зарцуулдаг. Зарцуулсан энергиэ их хэмжээний тэжээл идэж нөхдөг. Хэрэв нүүдлийн үедээ байнга үргэж нисэх юм бол энергиэ нөхөж чадалгүй далай тэнгисийг гатлах алсын замдаа ядарч, олноороо энддэг байна.

Хүнээс гадна мал, нохой, машин, мотоцикль, завь зэрэг нь эргийн шувуудыг үргээдэг үндсэн хүчин зүйл юм. Тиймээс манай томоохон нуурын эргээр нүүдлийн үедээ амрах эргийн шувуудыг үргээхгүйгээр холоор тойрч гарах, мотоцикль, машинтай холхихгүй байх, малаа нуур голын эргээр зөөлөн туух, бүрэнхий шөнөөр гэрэл, чимээ бага гаргах зэрэг нь эргийн шувуудыг хамгаалахад таны оруулж байгаа хувь нэмэр юм. Эргийн шувуудыг агнахыг хуулиар хориглосон байдаг бөгөөд хэрэв агнавал мөнгөн торгууль болон бусад шийтгэл хүлээлгэдэг. Эргийн шувуудын үржлийн нутаг болох Монгол, БНХАУ, БНСУ, Япон, ОХУ болон Европын зарим орон, мөн өвөлждөг нутаг болох Австрали, Зүүн Өмнөд Азийн орнуудын устай, намгархаг газрууд хөдөө аж ахуй, мал аж ахуй, хотжилт зэрэг хүний үйл ажиллагаатай холбоотойгоор хурдацтай устаж байгаа аж.

Эргийн шувууд амьдардаг байсан олон газар нутаг одоо тэдэнд аюултай орчин болжээ. Манай дэлхийн экологийн систем бие биетэйгээ нягт холбоотойгоор сая сая жилээр хөгжиж ирсэн. Энэхүү системийн бүрэлдэхүүн хэсэг болсон эргийн шувууд энэ янзаараа мөхөхөд ойрхон байгаа талаар С.Гомбобаатар багш ярив. Устай, намгархаг газар эрүүл, хэвийн байгааг илтгэх нэгэн чухал хэсэг болсон эргийн шувууд хэрэв мөхвөл сая сая жилээр хөгжиж ирсэн экологийн систем доголдоход хүрэх юм.