Галданбошготын нэрэмжит гудамжтай боллоо

Улаанбаатар хотод нийт 248 гудамж талбай байгаагаас 146 гудамж талбайг нэршүүлсэн байдаг аж. Эдгээр гудамжны 43 гудамж нь хүний нэр алдар цолоор, бусад гудамж талбай нь хилчдийн, оюутны, цагдаагийн гудамж гэх мэтээр нэрлэгджээ.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шинээр гурван гудамжийг нэршүүлж, нэрэмжит болгох асуудлыг хэлэлцэн тогтоол гаргажээ. Тодруулбал:

1.    Баянгол дүүрэг, замчдын гудамжнаас хойш БГД-ийн шүүхийн зүүн талаар “Гранд плаза” руу Сөүлийн гудамж хүртэл 300 метр гудамжийг гавъяат жүжигчин Ж.Раднаабазарын гудамж,

2.    Чингэлтэй дүүрэг, Баянбүрдийн тойрог, Их тойруугийн уулзвараас ногоон нуурын баруун талаар хойшоо 32-ийн тойрог буюу цагдаагийн гудамжны төгсгөл хүртэлх гудамжийг Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, Ойрдын их хаан Э.Галданбошготын гудамж,

3.    Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөөнөөс Кино үйлдвэрийн уулзвараас хойш Б.Доржийн гудамж хүртэл гудамжийг төр, нийгмийн зүтгэлтэн Г.Лувсанцэвээний гудамж гэж нэрлэхээр боллоо.

Улаанбаатар хотын гудамжийг нэрлэх, нэрэмжит болгох тухай журмыг 2006 онд НИТХ-аас хэлэлцэн баталсан байдаг бөгөөд төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсан иргэдийг алдаршуулах зорилгоор зарим гудамжийг тухайн иргэдийн нэрээр нэрлэж болно гэж энэхүү журамд заасан байдаг.

Ж.Раднаабазар нь Монгол Улсад циркийн урлагийг хөгжүүлэх, үндэсний цирк, циркийн сургууль байгуулах ажилд хүчин зүтгэж байснаас гадна жүжигчин, уран сайхны удирдагч, дарга зэрэг ажлуудыг хийж байжээ.  

Мөн 1938 онд хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, 1944 онд Гавъяат жүжигчин цол хүртэж байсан байна. Түүний нэрэмжит гудамжтай болох хүсэлтийг 2012 онд Ж.Раднаабазарын 100 насны ойгоор түүний  хүү Р.Энхбазар холбогдох албаныханд ирүүлсэн байна.  

Галданбошготын тухай түүхийн эх сурвалжид тэмдэглэн үлдээснээр 1000 гаруй хот, тосгодыг эрхэндээ оруулж баруун тийш Дундад Ази, Дорнод Туркменистаныг хүртэл эзэлсэн байдаг нь Чингис хааны газар нутгаа тэлсэнтэй эн тэнцэхүйц төдийгүй Манжийг сөрөн зогссон Монголын цорын ганц хүч байсан гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг байна. Энэхүү гудамжийг түүний нэрэмжит болгох хүсэлтийг Ховд аймгийн ИТХ болон Ховд аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ИТХ-аас тавьжээ.

Г.Лувсанцэвээн нь 1869-1922 онд амьдарч байсан бөгөөд Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хааны алтан ураг Баянмөнх даян хааны 16 дахь үеийн тэргүүн зэргийн тайж юм. Тэрээр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө тэмцэж байсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн юм. Түүний нэрэмжит гудамжтай байх тухай саналыг Монгол Улсын Их Хурал, Цагаатгах ажлыг зохион байгуулах нийслэлийн салбар комисс, Лувсанцэвээн тэргүүн зэргийн тайжийн 3 дахь үе иргэн П.Алтан-Эрдэнэ нар ирүүлсэн байна.