Даланзадгадын кинотеатр жуулчдад зориулсан үзвэртэй

 Өмнөговийн Даланзадгад хотод нутгийн бизнесменүүдийн хөрөнгө оруулалтаар "Галакси" хэмээх кинотеатр бий болсноос хойш 2 жил өнгөрч байгаа бөгөөд Улаанбаатар хот дахь Тэнгис кинотеатраас дутахааргүй тохилог. Тус театр-т ертөнцийн үүсэл, говийн байгаль, ан амьтан, цэцэг ургамал, шувуудын мэдээлэл бүхий баримтат бичлэг, Монгол орны тухай баримтат болон уран сайхны кино, Монголын говиос үлэг гүрвэлийн хамгийн эртний олдворыг олсон Америкийн судлаач Рой Чепмен Эндрюс болон түүний экспедицийн тухай баримтат кино зэргийг жуулчдад зориулан гаргадаг гэнэ. Харин урьдчилан холбоо барьж захиалга өгөх хэрэгтэй. Даланзадгад хотод орчин үеийн хэв загвар, тохижилт бүхий зочид буудал, ресторан, хөшөө дурсгал, худалдааны төв, цэцэрлэгт хүрээлэн зэрэг бүтээн байгуулалтууд маш хурдацтайгаар баригдаж байгаа бөгөөд хөгжиж буй жижиг хотуудын дотор аль хэдийнэ эхний байруудад бичигдэхээр болжээ. Даланзадгад нь гадаад дотоодын жуулчдын дайрч өнгөрөх бус саатан тухалдаг газруудын нэг болоход тун ойрхон болоод байна.