Тираннозавр батаар долоо болж “үржээд” эх орондоо ирж магадгүй.

Өмнөговь аймгийн Нэмэгтийн хөндийгөөс алдагдаж АНУ-д дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан Тираннозавр батаар “үржиж” эхэлсэн гэх таатай мэдээ байна. Үлэг гүрвэлийн араг ясны наймаачин Эрик Прокопи гэгч хэргээ хүлээж эхэлсэн аж. АНУ-ын хууль хяналтынхны хүрээнд “хэрэг наймаалцах” гэсэн үг байдаг байна. Өөрт нь төлөвлөсөн ялын хэмжээг бууруулахын тулд гэмт хэргийн сүлжээг илчлэх шаардлага гардаг гэнэ. Энэ үйл ажиллагааны хүрээнд Эрик Прокопи нийтдээ 6 ширхэг Тираннозавр батаарын яс гаргаж өгсөн байна. Үүгээр ч зогсохгүй ихээхэн хэмжээний эвлүүлээгүй үлэг гүрвэлийн яс гаргаж өгсөн гэнэ. Мөн өөрийн сүлжээг гэрчилж Англид улсад гарсан нэгэн Тираннозавр батаарын сургийг гаргажээ. Энэхүү үлэг гүрвэл нь Крис Мор гэдэг хүнд хадгалагдаж буй бөгөөд Монгол улсынх гэдэг нь тогтоогдох магадлалтай болоод байгаа тухай Английн хэвлэлүүдэд бичээд эхэлсэн байна. Үлэг гүрвэлийн ясны наймаачин Эрик Прокопи хэргээ сайн наймаалцаж чадвал төлөвлөгдөөд буй 17 жилийн ялаасаа ихэнхийг цайруулах боломжтой ажээ.