Егүзэр хутагт Ж.Галсандашийн хөшөөг дээдлэн зална

Төр шашны нэрт зүтгэлтэн, Зүүн хязгаарыг илбэн тохинуулах сайд асан, Халхын тамгатай хутагт, Егүзэр хутагт Ж.Галсандашийн хөшөөг дээдлэн залах ёслол Сүхбаатар аймгийн төв Баруун-Уртад усан могой жилийн хаврын тэргүүн хөх барс сарын шинийн долооны хөх барс өдөр буюу энэ сарын 17-ны  өдөр болно.

Егүзэр хутагтын хөшөөг арваад жилийн тэртээ Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, МУСГЗ, уран барималч Хайнзангийн Цэвэгмид гуай зэсээр урлаж байжээ. Он цагийн эрхээр элэгдэж хуучирсан энэхүү хөшөөг сэргээн залах тухай Х.Цэвэгмид агсны гэр бүлийнхний санаачилгыг “Мөнхчулуун” сан дэмжиж, хөшөөг дахин сэргээж байгаа аж.  Хөшөөний сүншиг аравнайг МУСГЗ, Буханч лам Г.Пүрэвбат өөрийн биеэр үйлдэж, төрийн дархан Төмөрбагана сэргээн засварласан юм. Хөшөөнд төр, шашны дэг ёсыг хослуулан /Чингис хааны хөшөөний нэгэн адил/, суурь болоод цээжин тушаа намтар цадиг, ном судар, монгол орны ариун дагшин газар нутгийн шороо, ус рашаанаас дээжлэн оршоожээ.
Хутагтын хөшөөг Баруун-Урт сумын төвд нээгдээд удаагүй байгаа Я.Мөнхчулууны нэрэмжит “Сүхбаатар” кино театрын дэргэд байрлуулах гэнэ. Хөшөөний нээлтийн үеэр “Сүхбаатар” кино театрт Егүзэр хутагтын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, үүх түүхийг нь өгүүлэх ном судруудаар үзэсгэлэн дэлгэх юм байна.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ИТХ, ЗДТГ болон “Мөнхчулуун” сан, “Жавхлант шарга” МСУХ-оос хамтран зохион байгуулж байгаа энэхүү ёслолын ажиллагааны үеэр хаврын уралдаалга мөн давхцах аж. Наран түрүүлж манддаг энэ нутгийн уугуул иргэд жил бүр Шинийн 8-нд багтаж, эрийн хийморийг сэргээдэг Шилийн Богд хайрханаа зорин, ургах нарыг угтаж хардаг уламжлалтай.