Монгол тэмээ Японд

Монгол Улсаас Японы Осака хотод суугаа Ерөнхий консул Дамбадаржаагийн Батжаргал энэ сарын 4-нд Тоттори хотын захирагч Такэүчи Исаотой уулзан, тус мужид орших Японы гурван том элсэн цөлийн нэг “Tottori Sand Dunes”-ийн аялал жуулчлалын сурталчилгаанд Монгол тэмээ ашиглаж болно гэсэн санал тавилаа.

Хэрэв энэхүү саналыг Тоттори хот хүлээн авбал монгол тэмээ “Tottori Sand Dunes”-ийн шинэ бэлгэ тэмдэг болох юм. Д.Батжаргал “Монгол тэмээ бусад тэмээнээс өөр онцлогтой. Тоттори хотод хэдэн толгой тэмээ авчирмаар байна. Энэ нь бас Монголыг сурталчилсан явдал болох юм” гэж “Нихонкай шимбүн” сонины сурвалжлагчид ярьсан байна.

Харин хотын захирагч Такэүчи Исао “Сүүлийн үед тэмээ олох хэцүү болоод байгаа. Монголоос тэмээ авмаар байна” хэмээгээд, мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний эцэст хариу өгөхөөр болжээ.