Хадаг тогтвол буян тогтоно гэдэг. Хуучин цагт золгох, амар мэнд мэдэх, найр хуримын ёслол гээд бүх л зан үйлд их, бага Аюуш, Даш, Сэрш хадаг хэрэглэдэг жишээтэй. Бурхан шүтээн, лам багшдаа их Аюуш хадаг, төрийн хүндэтгэлийн арга хэмжээнд Баранзад хадаг хэрэглэдэг. Овоо хангайд хийморийн хадаг өргөдөг байжээ. Ер нь ганц цагаан сар ч гэлтгүй унага тамгалах, хүүхдийн сэвлэг үргээх, бэр буулгах гээд бүх л уламжлалт ёс заншлын үед хамгийн хүндэтгэлийн дээд нь хадаг байлаа. Тэр ч байтугай наймаанд мөнгийг орлодог байв. Их Аюуш хадаг гэхэд л бог малын үнэтэй, сайн баранзад хадаг бодын үнэтэй байжээ. Түүгээр ч барахгүй хуучны хөгшчүүл толгой өвдөхөд хүртэл хадаг хэрэглэдэг байв. Гэхдээ хаа хамаагүй хадаг хэрэглээд байхгүй. Аль нэг хадгаа олон жилийн турш эмчилгээний зориулалтаар хэрэглэнэ. Түүнээс гадна халуурах, битүү хавдар, хөхүүл эмэгтэй горьдож хөх нь хавдахад хадгаар ороож эдгээдэг байсан байна.
Монголчууд эртнээс нааш арваад төрлийн хадаг хэрэглэдэг байжээ. Ингэхдээ хэзээ, юунд хэрэглэх вэ гэдгээс шалтгаалж төрлийг нь сонгодог байсан гэнэ.
Баранзад хадаг
Хүндэтгэлийн хадаг. Төр, шашны томоохон зан үйлд хэрэглэнэ. Мөн хэмжээгээрээ хамгийн урт хадаг юм. Уг хадаг нь тойрсон хамар угалз, бадраа хээ болон өлзий, жанцан, бумба, лянхуа, шүхэр, лавай, загас, хорол тэргүүтэй өлзий хутгийн найман тэмдэгтэй.
Бага Аюуш хадаг
Уг хадгийг өргөн хэрэглээнд хэрэглэж ирсэн уламжлалтай. Луун хээтэй сэнтий түшлэгтэй. Түшлэгийн оройд бадраа угалз зэндмэнэ эрдэнэтэй арслант ширээ, лянхуан дээр тэгш оршсон Авид бурхантай. Баруун, зүүн талдаа шавьтайгаа, өмнөө сангийн бойпор, хумх цэцэгтэй, шашныг хамгаалагч махранз тэргүүтэй оршино. Дээрээ хан гарьд шувуу, түүний хоёр буланд хорол, голд нь өлзий хээ бий. Хангарьд нь сүр хүчийг, Авид бурхан нь амар амгалан, аз жаргал, сайн сайхныг бэлгэддэг. Ваар цэцэг нь хүндэтгэлийг илэрхийлж буй утгатай юм.
Их Аюуш хадаг
Эртнээс нааш хамгийн түгээмэл хэрэглэж ирсэн хадаг. Хуучны ном сударт ноёд түшмэл, багш, эцэг эхдээ хүндэтгэлийн журмаар барина хэмээн тэмдэглэжээ. Луун хээтэй, сэнтий түшлэгтэй. Түшлэгийн оройд бадраа угалз зэндмэнэ эрдэнэтэй арслант ширээ, лянхуан дээр тэгш оршсон Авид бурхантай. Баруун, зүүн талдаа Бурхан багш нар болон олон бодьсадваа тэргүүтэй заларсан байна. Дээрээ хангарьд шувуу, түүний хоёр буланд хорол, голд нь өлзий хээ бий. Хангарьд нь сүр хүчийг, Авид бурхан нь амар амгалан, аз жаргал, сайн сайхныг бэлгэддэг. Шавь нар нь өнө мөнхийн аз жаргал, амар амгаланг бэлгэддэг.
Соёмбо хадаг
Соёмбо хадгийг төрийн албанд харилцааны шугамаар түлхүү хэрэглэдэг байжээ. Бадамлянхуа, бадраа угалз, гэрлэн солонгын дунд төрийн алтан соёмбо оршсон. Эргэн тойронд нь өлзий хээтэй. Хадагны дээд, доод төгсгөлд хамар угалз, бадраа хээтэй угалз, доод зах нь голдоо өлзий хээтэй, хамар угалзтай. Энэхүү хадгийг наймдугаар Богд захиалан хийлгэж байсан түүхтэй.
Даш хадаг
Даш хадаг гэдэг нь өлзий хутгийн хадаг гэсэн утгатай Түвд үг юм. Амар мэнд мэдэх болон шашны зан үйлд хүндэтгэл үзүүлэхэд хэрэглэнэ. Өргөн хэрэглээнд хэрэглэж болох уг хадгийг зарим үед төлбөрийн хэрэгсэл болгон жишиг тогтоодог байсан үе бий. Бадамлянхуа цэцгэн дээр хорол өлзий лянхуа шүхэртэй, дээд доод захдаа алхан хээтэй. Алхан хээний хажууд “Ум сайн амгалан болтугай” хэмээн монгол бичгээр бичсэн. Мөн хажуу талдаа алхан хээтэй, “Өлзий хутгийн хадаг” гэсэн утгатай түвд үг бичжээ.
Хийморийн хадаг
Хий салхи хөлөглөсөн, нуруундаа гал бадарсан эрдэнийн зэндмэнэ хөлөглөсөн алтан хазаар, чимэг тоног сэлттэй. Түүний баруун дээдэд орших Хангарьд нь огторгуйн махбод бөгөөд амандаа могой сунган барьсан. Энэ нь хүний сэтгэл оюуны хийморийг бадрааж, лусын хорлолыг номхотгодог болой. Зүүн дээдэд хөдөлж эрчлэхийн хүйн ялгамжтай, хязгааргүй үүлэн дундаас хүржигнэх дууг дуурсгасан луутай. Луу нь усан махбодийг бэлгэддэг, их эрдэмтэй амьтан гэгддэг. Түүний дор орших бар нь хий махбодийг бэлгэдэх ба бусдыг сүрээр дарагч хурц хумс, дүүлэхэд хоромхон зуур хаа ч хүрэх барын хийморийг бэлгэджээ. Шороон махбодийг арслангаар бэлэгшээсэн буй. Үс зогдороо хөдөлгөн хүрхэрч буй цастын цагаан арслан оршино. Ийнхүү дөрвөн хүчтэн байгаа нь хүний цог хийморь, сэтгэл санааг тэгш байлгадаг. Хадагны дээд, доод буланд хамар угалз, бадраа угалзын дунд шүхэр, хорол, жанцан, өлзий, хумх, лавай, загас, цэцэг бий.