Харин өнөөдөр аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагын талаар Төрийн ордонд хэлэлцэж, нэгдсэн зөвлөмж гаргах юм. Чуулганы үеэр Засгийн газар, ССАЖЯ ирэх жилүүдэд аялал жуулчлалын салбарт баримтлах бодлого, чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулна. Түүнчлэн оролцогчдын гаргаж буй санал санаачилгыг эрх зүйн баримт бичгүүддээ тусгах аж. “Аялал жуулчлал өндөр хөгжсөн орон байгаль, түүхээ хамгаалж үлддэг онцлогтой. Харин энэ салбар муу хөгжсөн улс нэг мэдэхэд үнэ цэнэтэй түүхэн байшингаа нураагаад, үзэсгэлэн төгөлдөр байгалиа ухаад, соёлынхоо өвийг сүйтгэчихсэн байдаг.
Өнөөдөр энэ аялал жуулчлалын салбарынхны бизнесийн тухай л ярьж буй мэт боловч мөн чанартаа Монголын байгаль, түүх, соёлыг хэрхэн авч үлдэх талаар өргөн агуулгатай форум болж байна. Өөрөөр хэлбэл ганц салбарын форум гэхээсээ илүү Монгол орныг төрхөөр нь авч үлдэх томоохон хөдөлгөөн энд өрнөж байна” гэж ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл ярилаа.