Үндэст мод сөөг ба байгалийн усан холбоо

Ой бол хүн төрөлхтнийг үер уснаас хамгаалахаас гадна ган гачиг тохиолдоход нөөцөлсөн усаа харамгүй хайрладаг байгалийн гайхамшиг билээ. Мод , хөрсний ялзмаг, хатаж үхсэн ургамал хүртэл борооны усыг өөртөө шингээн газрын гадаргуу дээрх усны урсгалын хүчийг сааруулдаг байгалийн тогтолцоотой. Мөн ургамлын үндэс нь хөрсийг барьж тогтоож байдаг гэдэг нь батлагдсан баримт билээ.

Ойн ашиг тус үүгээр дуусахгүй. Ус ховордсон үед ой хүмүүсийг авардаг. Моддын шингээж авсан ус хөрс рүү нэвчиж, газар доорх байгалийн усан сан болон гүний усыг сэлбэдэг. Харин энэ ус ган гачигтай жил бидний аминд ордог.

Дэлхийн зарим том хот оршин суугчдаа байгалийн сайн чанарын усаар хангахын тулд хүрээлэн буй ойг хамгаалах арга хэмжээг авч эхэлжээ. Тухайлбал, Нью-Йорк хотын захиргаа ус цэвэршүүлэх станцад олон сая доллар зарцуулсангүй. Байгаль дахь усны сав газрыг судалж, унаган төрхийг нь өөрчлөлгүйгээр иргэдээ цэвэр усаар хангах сүлжээг бий болгож чадсан байна. Мянганы экосистемийн үнэлгээгээр хийсэн дүгнэлтээр 60 гаруй сая америк хүний ундны усны хэрэгцээ зөвхөн ойгоос хамааралтай гэсэн тооцоо гарчээ. Энэ нь америкчууд жилд ойгоос 3.7 тэрбум ам.долларын “үйлчилгээ” авдаг гэсэн үг аж.