Тул 8500-30 мянган түрс шахдаг

Дэлхий дээр таван зүйлийн тул загас байдгаас Монгол оронд Сибирийн тул тархсан. Цагтаа Хойд мөсөн далайгаас урагш Өмнөд Хятад, Алс Дорнод хүртэлх өргөн уудам нутагт тархаж байсан тул загасны тархац сүүлийн үед хууль бус агналт, амьдрах орчны өөрчлөлт, бохирдол усны нөөцийн багасалт, загасчлалын буруу үйлдлээс тоо толгой нь эрс хомсдож байна.

Тулын биеийн урт 160-170 орчим см, 50 хүртэл кг жинтэй болтол өснө. Усны урсгал сөрөх байдлаар хоёр талруугаа ташуу чиглэлтэй хайрга бүхий газрыг сүүлээрээ ухаж хонхорхой бэлтгэх ба энэ үйлдлийг нэг минутад 2-3 удаа хийж түрсээ шахдаг. Загасны биеийн хэмжээнээс хамааран 8500-30000 ширхэг түрс гарна. Түрсний хэмжээ 4.8-5.8 мм байдаг. Үүр нь хоорондоо 50 орчим метр зайтай. Тул загас жил бүр үржилд ордоггүй байна. Байгалийн нөхцөлд гарсан түрсний зөвхөн нэгээс хоёр нь нас гүйцсэн загас болдог байна.