Дорнод Монголын дархан бүс

Манай орны нэг бахархал болсон нутгийн нэг бол аргагүй Дорнод Монголын дархан цаазат газар. Энэхүү дархан газар нь Дорнод аймгийн Матад, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдын нутгийг хамардаг юм. Хялганат талын экосистем, цагаан зээрийн байршил нутгийг хамгаалах зорилгоор 1992 онд улсын тусгай хамгаалалтад авсан түүхтэй. Харин 2005 онд Дэлхийн хүн ам ба шим мандлын сүлжээ нутагт бүртгэгдсэн байна.

Тус дархан газрын бэлчээрийн ургамлын бүх л бүлгэмдэлд сонгино давамгайлдаг бөгөөд хойд болон зүүн талаар сөөгөн төгөл бүхий элсэн манхантай. Судалгаанд дурдсанаар энэ нутагт 39 овгийн 153 зүйлийн ургамал бүртгэгдсэнээс нэн ховор найм, эмийн 18, бусад ашигт зүйлийн долоон ургамал тархан ургадаг аж. Мөн нэн ховор, ховор амьтны жагсаалтад орсон нийт найман зүйл байгаагаас Монголын “Улаан ном”-д зургаа нь бүртгэгджээ.