“Монгол бүжгийн гайхамшиг” дахин амиллаа

 


Бүжигт хайртай Монголын ард түмний хүсэн хүлээдэг “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолт ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд 19.00 цагаас Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын тайзнаа тоглогдох гэж байна.

Энэхүү тоглолтод Үндэсаний дуу бүжгийн эрдмийн чуулдгын уран бүтээлчид оролцох бөгөөд Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн дэглэсэн Монголын бүжгийн урлагийн сонгодог номерууд болох “Монгол бүжгийн чуулбар”, “Хөдөө нутгийн залуус”, “Хатад”, “Ээрүүлт”, “Жалам хар”, “Охидын уянга”, “Адуучин залуус”, “Саальчин” зэрэг бүжгүүдийг тавих гэнэ.

Мөн Төрийн соёрхолт, Урлагийн Гавъяат зүтгэлтэн С.Сүхбаатарын дэглэсэн “Шигшрэгт”, “Тоохуу госон”, “Цоглог залуус”, “Чичиргэнэ”, “Халх жонон”, “Дөрвөн Ойрдын уриа”, “Монгол угсаатны уламжлал” зэрэг бүжиг, бүжиг дэглээч МУСТА Д.Баярбаатарын “Жороон жороо”, “Бие чинь больё”, “Аягат бүсгүйчүүд”, “Насны хайр” зэрэг бүжгүүд багтаж байна.

Харин залуу бүжиг дэглээчдээс МУГЖ А.Даваахүүгийн “Салхит шувуу”, “Шилийн Богдын салхи”, бүжиг дэглээч Х.Хашхүүгийн “Эс оршихуй”, “Уулынхан”, бүжиг дэглээч С.Цэцгээгийн “Испани”, бүжиг дэглээч МУСТА О.Ууганбаярын “Тайгын цуурай” зэрэг орчин үеийн бүжгүүд анх удаа үзэгчдийн хүртээл болохоор бэлтгэлээ хангачихаад байгаа юм байна.

Энэхүү “Монгол бүжгийн гайхамшиг” гэх тансаг нэртэй тоглолтод тус чуулгын Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн 50 гаруй бүжигчид оролцож байгаагаас Монгол Улсын Гавъяат жүжигчин Ш.Одонтуяа, А.Даваахүү, Соёлын тэргүүний ажилтан Б.Хулан, О.Ууганбаяр нараас гадна Монголын бүжгийн урлагийн сор болсон авъяаслаг залуу бүжигчид олон улсын урлагийн наадмуудаас “Гран при”, Тэргүүн байруудыг эзэлж, үзэгчидийн танил болсон шилдэг уран бүтээлүүдээ тайзнаа дахин амилуулах юм.

Тэд Монголдоо төдийгүй АНУ, Англи, Франц, Герман, Итали зэрэг европын 20 гаруй орнуудаас гадна Япон, Солонгос, Энэтхэг, Тайвань, Тайланд, Хятад зэрэг Азийн 10 гаруй оронд уригдан айлчлан тоглож, үзэгчидээс өндөр үнэлгээ авч байжээ.
Үүний нэгэн жишээ нь АНУ-ын New York хотноо байрлах Нэгдсэн үндэсний байгууллагын төв байр, Парис хотноо байрлах Юнескогийн төв байруудад уригдан дэлхийд Монголын урлаг түүний дотроос Монголын бүжгийн урлагийг сурталчилан таниулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан бүжигчид байгаа юм байна.