УИХ-ын хууль зүйн болон аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны хамтарсан хуралдаанаар “Хилийн боомтын тухай” хуулийн төслийг хэлэлцжээ. Манай улсад хилийн боомтын асуудлаар тусгайлсан хууль байхгүй байсан бөгөөд уг асуудлыг ОХУ, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Хилийн тухай хууль, УИХ, Засгийн газрын тогтоолоор зохицуулдаг байжээ. Монгол улсад нийт 46 боомт ажилладгаас ОХУ-тай 29 хэсэгт, БНХАУ-тай 13 хэсэгт, агаарын замын 4 боомт байдаг байна. Эдгээрийн 14 нь олон улсын, 11 нь хоёр талын байнгын ажиллагаатай, 14 нь хоёр талын түр буюу улирлын ажиллагаатай, долоо нь дамжин өнгөрөх боомт байдаг аж. Мөн боомтын асуудлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хариуцдаг байна. Хилийн боомтыг хаана харъяалах, удирдлагыг хэрхэн томилох, хариуцлагыг хэрхэх талаар ажлын хэсэг гарган нухацтай хэлэлцэж, УИХ-ын чуулганд танилцуулахаар болсон байна.