Цасны барс

Дэлхий дээр нийт 20 гаруй зүйлийн ирвэс бүртгэгдсэнээс Монголд байдаг зүйлийг шинжлэх ухаанд цасны барс буюу ирвэс хэмээн нэрлэдэг. Дугариг хар толботой боловч суунагласан хүрэн саарал зүстэй энэ амьтны үс нь урт, өтгөн саглагар ялангуяа хэвлийнхээ хавиар 12 см хүртэл урт ургадаг ажээ. Биеийн жин нь 27-54 кг, урт нь 74-130 см. Ирвэс нь Алтай, Памир, Тянь-Шань, Төвд, Гималай, Монголын өндөр ууланд амьдарна. Зун 4000, тэр ч байтугай 6000 метрийн өндөрт байршдаг. Өвөл туурайтан амьтдын хойноос даган 1800 метр, зарим газар 600 метр хүртэл бууж ирдэг гэнэ. Мөн тэдний эзэмшлийн газар нутаг нэлээд том талбайг хамардаг агаад бусад өрсөлдөгч барыг тэндээ оруулдаггүй.

Цасны барсын амьдардаг газар нь балуу модны бут сөөг, Альпийн нуга, мөнх цасны хязгаарын нүцгэн хавцлууд. Тэд хавцлын дор олзоо хэдэн цагаар ч хамаагүй хүлээн хэвтдэг ба хулгана, янгир, сарлаг гээд туурайтан амьтдын алиныг ч барьж иднэ. Цасны барс олз руугаа мөлхсөөр ойрхон дөхөж очоод, асар хурдан үсрэн харайж, багалзуурдан унагадаг. Нэг харайлтаараа зургаан метр, бүр үүнээс ч хол харайж чаддаг байна. Ирвэс дөрвөөс зургадугаар сард 2-3, зарим үед таван зулзага төрүүлнэ. Үр төлөө өсгөхдөө муурын төрлийн амьтад дотроос ховор зан авир гаргадаг. Тэд үр төлдөө зөөлөн хэвтэр бэлдэхийн тулд хэвлийгээсээ үсээ зулгаан дэвсдэг аж. Зулзаганууд нь 6-9 дэхь өдрөө нүдээ нээж, 10 дахь өдрөөс үүрэн дотроо мөлхөж эхэлдэг байна. Цасны ирвэс ямар ч махчин амьтдад байхгүй урт, үслэг сүүлтэй бөгөөд зулзагаа дааруулахгүйн тулд биедээ наалдуулан шахаж, сүүлээ хөнжил болгон ашигладаг.

Төрснөөсөө хойш хоёр сарын дараа зулзаган ирвэс үүрд үүрнээсээ гарна. Олзтой ирсэн эхийгээ үүрнийхээ дэргэд тосон, бие биетэйгээ ноцолдон, махаа булаацалдан тэмцэлдэнэ. Долоо, наймдугаар сард эхийнхээ хамт анд явж, нас гүйцтэлээ хамт амьдардаг бөгөөд эцэг нь тэдэнтэй нийлж болдог гэнэ. Гоёмсог, өтгөн үстэй арьсыг нь авах гэж ирвэсийг хулгайгаар агнасаар байна. Уг нь олон улсад цасны барсын арьсыг худалдаалахыг хориглосон боловч дэлхийн зах зээл дээр өндөр үнээр худалдаалсаар байгаа юм. Хүн бүр олж хараад байх боломжгүй байгалийн энэ зэрлэг амьтныг Монгол Улс 1972 онд агнахыг хуулиар хоригложээ. Мөн “Дэлхийн зэрлэг амьтан хамгаалах сан” устаж буй амьтны жагсаалд оруулснаас хойш 40 гаруй жил өнгөрсөн. Гэвч дэлхий дээр одоо яг хэдэн ирвэс байгаа, цаашид оршин байх эсэх нь баталгаагүй байна.