Монголын нууц товчоог уран бичлэгээр бүтээжээ

Аугаа бахархалт түүхийг өдий хүртэл өртөөлөн дамжуулж ирсэн “Монголын нууц товчоо” түүхэн судрыг айл өрх бүр өргөө гэртээ дээдлэн залдаг болсоор удаж буй. Харин энэ удаад дэлхийн талыг эзэлж явсан аугаа түүхээ дэлхийд ганцхан босоо бичгээрээ мөнхөлсөн дүрслэх урлагийн бүтээл бүтээжээ.

12 бүлэг 282 зүйлтэй “Монголын нууц товчоо” их судрыг бүрэн эхээр нь каллиграф буюу уран бичлэгээр бичсэн зургаан залуу уран бүтээлчийн зургаан өөр зохиомжит бүтээл маргаашнаас эхлэн энэ сарын 24-ны өдөр хүртэл Монголын уран зургийн галерейд тавигдах гэж байгаа юм.

Тус бүтээлүүд нь 3 метр 60 см болон 4 метр 80 см-ийн өндөртэй, 1 метр 40 см-ийн өргөнтэй юм байна. Зургаан уран бүтээлч өөр өөр зохиомжтой, өөр өөрсдийн онцлогоо шингээсэн. Тухайлбал, нэг нь Монгол улсынхаа газрын зургийг дэвсгэр болгосон байгаа бол нөгөө нь нар сар, гал ус гэсэн бэлгэдлийн дүрсийг зохиомжилсон аж. Уран бүтээлчид энэ бүтээлдээ 2 жил гаруйн хугацааг зарцуулсан бөгөөд 5-6 мм-ийн зайтайгаар, бийрийн хичээнгүй бичгээр бичсэн учраас хэн ч харахад ойлгомжтой, уншигдахуйц гэнэ.

Уран бүтээлийг хийсэн зураачид 1940-өөд оноос хойш мартагдсан монгол бичгээ сэргээх, сурталчилах зорилгоор уг бүтээлийг хийсэн бөгөөд “Бичиг соёл мөхвөл улс орон мөхдөг хуультайг түүх гэрчилнэ” хэмээж байлаа. Сайхан уран бүтээлийг дэмжиж буй УГЗ, зураач Ц.Мөнхжин “Монгол улс их хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсээ цагаатгах тал дээр арга хэмжээ авч байгаа ч тэр үед хэлмэгдсэн соёл, уламжлалаа сэргээх ажил хийхгүй байна” гэсэн юм. Даяарчлалын давалгаанд улам бүр гүн автсаар байгаа биднээс өдөр өнгөрөх тусам алсран холдсоор байгаа босоо бичгээ авч үлдэх нь өдгөө бидэнд тулгараад байгаа соёлын томоохон асуудал мөнөөсөө мөн. Энэ үйл ажиллагааг зохион байгуулсан “Бичиг соёлын төв” цаашид ч монгол бичгээ сэргээх, сурталчлах талаар олон үйл ажиллагаа төлөвлөөд байгаа юм байна.