Байгалийн
болон түүх соёлын дурсгалт Гүн Галуутай нь орон нутгийн тусгай хамгаалалттай
бүс юм. Эл газрыг 2003 онд нутгийн иргэдийн санаачлагаар орон нутгийн тусгай хамгаалалтад
авчээ. Тэр цагаас хойш арваад жил өнгөрөв. Энэ хугацаанд орон нутгийн Засаг
захиргаанаас хамгаалах чиглэлээр тоймтой ажил хийгээгүйг нутгийн иргэд ярьж
байна. Орон нутгаас энэ газрыг хамгаалахад мөнгө төсөвлөдөггүй гэнэ. Гүн
Галуутайг тусгай хамгаалалтад авдаг жил халуун сэтгэлээр нэгдсэн нутгийн олон
“Гүн Галуут орон нутгийн иргэдийн холбоо” хэмээх ТББ-ыг байгуулжээ. Эл
байгууллагынхан өөрсдийн хандиваар санхүүжилтээ босгон байгалиа хамгаалах ажил
хийдэг байна. Гүн Галуутайн орон нутгийн тусгай хамгаалалттай газар
С.Ариунцэцэг хэмээх байгаль хамгаалагч бүсгүй бий. Түүнийг төр бус, нутгийн
иргэд цалинжуулдаг аж. Байгаль хамгаалагчид хариуцсан бүс нутгаа эргэж,
тойроход унаа хэрэгтэй. Гэтэл орон нутгийн захиргаа мөн л нүдээ тас аньж,
гүрийсэн учир “Селена травел” компани нэг мотоцикль өгчээ. Халуун сэтгэлт
нутгийн иргэд байгаль хамгаалагчдаа хоёр морь хандивлажээ. Цалин авдаггүй, сайн
дураараа байгалиа хамгаалдаг идэвхтэн гишүүд цөөнгүй бий юм билээ.
Орон нутгийн хамгаалалтад авснаас хойш ан амьтны тоо эрс нэмэгдсэн талаар
байгаль хамгаалагч С.Ариунцэцэг ярьсан. 2003 онд эл газар 50 орчим аргаль,
угалз байсан бол өдгөө 200 хол давжээ. Ан агнуурыг хориглосон учир тарвага,
чоно зэрэг цөөрч байсан амьтны тоо толгой ч ихээхэн нэмэгдсэн байна. Гэхдээ нэг
бэрхшээл тулгараад байгаа аж. Гүн Галуутайн орон нутгийн тусгай хамгаалалттай газар
нь төв сууринтай ойр учир хууль бус ан агнуур их гардаг байна. Ядаж л зөвшөөрөл
авалгүй Хэрлэн гол дээр загас бариад суучихдаг талаар байгаль хамгаалагч
ярьсан. Орон нутгийн засаг захиргаанаас дэмждэггүй болоод ч тэр үү,
хамгаалалттай бүс нутаг гэдгийг нь илтгэх самбар нэг ч байдаггүй юм билээ.
Тиймээс зарим хүн үүнийг нь мэдэхгүй тарвага, зурам агнадаг аж. Мөн аргаль,
угалз хууль бусаар агнасныг байгаль хамгаалагч холбогдох газруудад мэдээлдэг ч
хариу ирдэггүй гэнэ.
Байц уул бол аргаль, угалзын төрөлх нутаг биш аж. Үүгээр өнгөрч явсан цөөн хэдэн аргаль, угалз энд нутагшсаныг нутгийнхан мэдээд анхааралдаа авчээ. Тэд энэ амьтныг нутагтаа тогтоож, өсгөж, үржүүлэх чиглэлээр санаачилгатай ажилладаг юм билээ. Тухайлбал, “Селена травел” компани болон “Талын нүүдэлчид” жуулчны баазтай хамтран жил бүрийн нэгд үгээр сарын дундуур Байц ууланд хужир, шүү тавьж өгдөг гэсэн. Хужир идсэн аргаль, угалз даардаггүй. Нэг ёсондоо хужир бол тэднийг онд өнтэй оруулдаг дах юм. Идэр гурван ес эхлэх үед тэд хужир тавьж, зудтай жил өвс авчирдаг байна. Тус байгууллагуудын аргальд хужир, шүү тавих арав дахь удаагийн ажил өнгөрсөн бямба гарагт болсон юм.
Нутгийн иргэд дэм дэмэндээ байгаль, ховор амьтнаа хамгаалаад байгаа боловч сүүлийн үед хулгайн ан газар авсаар байна. “Улаан ном”-д орсон амьтнаа өсгөхөд хамгаалалтыг нь сайжруулах шаардлага тулгараад байгаа аж. Тиймээс Нутгийн иргэдийн холбоо энэхүү газрыг улсын тусгай хамгаалалтад авах талаар судалгааны төсөл боловсруулжээ.