Хамгийн сүүлд Засгийн газраас Үлэг гүрвэлийн төв музей байгуулах шийдвэр гарч, ажил хэрэг болох эхлэл тавигдаад байна. Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлээс тодруулбал:
АНУ-аас Т-Батаараас гадна хоёр Сауролофус, хоёр Овираптор үлэг гүрвэлийн олдвор нэмэгдэж ирэхээс гадна Англид нэг олдворын сураг дуулдаад байгаа. Европын үзэсгэлэнд гараад 20 жил болсон 90 гаруй үзмэр мөн Азийн үзэсэглэнд гарч байгаа 26 үзмэр байна. Энэ үзмэрүүд дотор зөвхөн аварга үлэг гүрвэлүүдийг тоолвол 12 орчим байгаа бөгөөд энэ нь та бидний мэдэх Байгалийн түүхийн музейн аварга том үлэг гүрвэлтэй дүйцэхүйц гэсэн үг юм. Эдгээр үзмэрүүдийг эх нутагт нь авчирахаар зэхэж байгаа ба авчирсан хойно нь нэг байтугай нэлээн олон музейд байршуулах шаардлагатай болох юм. Ер нь цаашдаа үлэг гүрвэлийн нэлээд олон музейд байр үндэсний парк байгуулах хэрэгтэй гэсэн үг.
Харин эхний ээлжинд дэлхийн анхаарлын төвд ороод байгаа Т-Батааруудаа зунаас өмнө музейд байршуулж, жуулчдад үзүүлэхээр зорьж байна. Т-Батаарыг үзэх гэж энэ зун маш олон жуулчин ирэх хандлага ажиглагдаад байгаа учир үүнийг улам өргөн татмаар байгаа юм. Мөн өнөөгийн байдлаар ШУА-ийн палентологийн төвд 200, Байгалийн түүхийн музейд 150 орчим бүрэн болон хэсэгчилэн хадгалсан үлэг гүрвэлийн үзмэр байгаа юм.
Тиймээс цаашдаа Үлэг гүрвэлийн төв музейгээрээ дамжуулаад үлэг гүрвэлийн данс хөтөлдөг, олдвор дөнгөж олдонгуут л бүртгэдэг, судалгааны явцад ч үечлэн хөөж бүртгэдэг ийм тогтолцоонд оруулах гээд байна. Тэгээд судалгаа дуусахаар нь музейдээ татдаг болно.
Одоо судалгаанд байгаа нэртэй маш олон үлэг гүрвэл байна. 40-100 жил болсон үлэг гүрвэлийн олдвор ч байгаа. Энэ бүхнийг бүртгэлжүүлэхийн төлөө л ажиллана.
Цаашдаа Архелогийн төв музей байгуулах шаардлагатай юм билээ. Палентологийн төв музей маань палентологийн олдворууд дээрээ судалгаа хийгээд жишиг гаргачихвал Археологийн төв музейг байгуулах шаардлага угаасаа урган гарна. Яг одоогоор археологийн олдвор олдонгуут нь бүртгэдэг газар алга. Орон нутагт ч юмуу хаана ч юм бүртгээд байгаагаас алдагдах эрсдэл их байна. Тиймээс зайлшгүй төв музейтэй болж бүртгэлжүүлдэг болох нь дараагийн том ажил.