Шинэ онгоцны буудал жилд 3 сая зорчигч хүлээн авна

“Хөшигтийн хөндийн бүтээн байгуулалтын төсөл”-ийн захирал Н.Энхбат: Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 9-нд олон улсын чанартай, Улаанбаатар хотын нисэх онгоцны буудал барих төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаж, сар гаруй хугацаанд техникийн үнийн саналыг авч дууссаны эцэст “Мицубиши-Чиёода” компаниудын түншлэлийн үнийн санал тэнцээд байна. “Жайка” байгууллагын худалдан авах гэрээний дагуу гэрээ хэлэлцээр явагдаж байгаа учраас үнийн санал ямар байгааг хэлэх боломжгүй. Бүх үнэлгээ хийгдэж, “Жайка” буюу зээлдэгч байгууллагатайгаа тохиролцсоны үндсэн дээр үнийг эцсийн шатанд танилцуулна. Харин бүтээн байгуулалтын хүрээнд авч байгаа хөнгөлөлттэй зээлийн тухайд гэвэл 40 жилийн хугацаатай. Эхний 10 жилийн хугацаанд ямар нэгэн төлбөр байхгүй. Сүүлийн 30 жилд төсөвт бага дарамттайгаар хоёр хувийн хүүтэйгээр нийт зээлсэн хөрөнгийг төлж дуусгахаар байна. Зээлийн гэрээний дагуу заавал Японы гүйцэтгэгчийг хүлээж явах ёстой гэсэн заалттай. Цаашид саад бартаагүй ажиллавал энэ оны 4 дүгээр сар гэхэд бүтээн байгуулалт эхэлнэ. Гэрээнд зааснаар 43 сарын дотор онгоцны буудлыг барьж дуусгана гэсэн. Энэ дагуу 2016 оны 10 дугаар сар гэхэд Хөшигтийн нисэх буудал анхны онгоцоо хүлээн авч ажиллаж эхэлнэ. Онгоцны буудлын хүчин чадлын хувьд жилд гурван сая зорчигч хүлээн авах хүчин чадалтайгаар баригдана. Энэ эрчээрээ 2020 он хүртэл явах боломжтойг судалгаагаар гаргасан. Үүнээс цааш 2032 он гэхэд зорчигчийн урсгал дөрвөн сая найман зуун мянгад хүрэхээр байгаа. Тиймээс өргөтгөх боломжийг нь нээлттэй үлдээж газар төлөвлөлтийг нь хийсэн. Бүр цаашилбал 12 сая зорчигч хүлээн авах боломжтойгоор бүхнийг төлөвлөж байна.

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал 3.1 км урттай, зөвхөн баруун хойноос бууж, баруун хойшоо нисдэг. Харин шинэ нисэх онгоцны буудал хоёр талаасаа бууж, хоёр тал руугаа хөөрөх боломжтой болно. Японы Нарита нисэх буудал саяхныг хүртэл нэг талаасаа хөөрч буудаг байсан. Тэгэхдээ жилд 60 сая зорчигчид үйлчилж байсан удаатай. Тэгэхээр шинэ нисэх онгоцны буудал цаашид ямар ч ачааллыг даах боломж байгаа юм. Олон улсын нисэх онгоцны буудлыг дагасан “дагуул хот” байгуулах төсөлийг “Арт констракшн” гэдэг компани удирдаж байгаа. Ерөнхий төлөвлөгөө гаргаж Засгийн газраар батлуулсан. Нисэх буудлын бүтээн байгуулалт хийгдэж эхэлсэн тохиолдолд дагуул хотын төлөвлөлт, ажил цуг явах ёстой. 2016 он гэхэд 100 мянган оршин суугчтай хот баригдаж дуусах байх. Нисэх буудал хүртэлх замыг хоёр үндсэн хэсэгт хуваасан байгаа. Эхний хэсгийнх нь хөрөнгө нийслэлийн төсөвт сууж ажил нь эхэлсэн. Тодруулбал, Нисэхийн цагаан хаалга хүртэл зургаан эгнээтэй авто замын ажил хийгдэж байгаа. Түүнээс цааш Хөшигтийн хөндий хүртэлх хурдны замын ажил концессын гэрээний жагсаалтанд орсон. Төв аймаг хүртэлх замын чиглэлд огцом эргэлт, тойролтгүй байхаар бүх асуудлыг шийдэж өгсөн байгаа.