В.И.Лениний музейд үлэг гүрвэлүүд суурьшина

В.И.Лениний музейн барилгыг Үлэг гүрвэлийн төв музейн балансад шилжүүлж музейн зориулалтаар ашигдахаар боллоо. Учир нь нийслэлд байгаа барилга байгууламжуудаас үлэг гүрвэлийн музей байгуулахад тохирох ганц барилга нь “Их багшийн” музей гэнэ.

Уг музейд тарбозаврус, завролоф, овирапторын тус бүр 2 олдворыг багтааж байрлуулах аж. Мөн ШУА-ийн палеонтологийн төвд 200, Европын үзэсгэлэнд 90, Азийн үзэсгэлэнд 26, Байгалийн түүхийн музейд 150 орчим бүрэн болон хэсэгчилсэн үлэг гүрвэлийн үзмэр байгаа юм. Эдгээрээс үлэг гүрвэлийн төв музейд байрлуулах ажээ.

Харин музейн барилга нь 1974-1980 онд тухайн үеийн Соёлын яамны захиалгаар, төсвийн хөрөнгөөр баригдсан бөгөөд ашиглагч нь болох Намын түүхийн институтыг татан буулгдсаны дараа МАХН дамжуулан ашиглаж иржээ.