Егүзэр ламхайн байгуулсан “Өнө өглөгт” хийдийн их бүрээ үлээдэг байсан алдартай бүрээчдийн тухай Гандантэгчилэн хийдийн цорж лам Г.Диваасамбуу ярьдаг байжээ. Сэрдэгийн Санжодмоломын их ерөөлийг 7 хоног дараалан хурах үед тасралтгүй бүрээгээр дохио өгч дуудлага тавьдаг байжээ. Эдгээр бүрээчдийг Дүнжийн Дампэл, хар хүзүү Шарав, Дархан ханы Лувсандорж гэдэг. Тэд бүрээ үлээх арга барилд нэвтэрсэн бөгөөд их бүрээний 18 аяыг бүгдийг нь мэддэг, хөгжмийн сонсгол, уушигны багтаамж сайтай байсан гэнэ. Тэдний дундаас Дүнжийн Дампэл бүрээч ламын бүрээнийх нь дуу сүмээс 30-40 км орчим зайд цуурайтдаг байсан ажээ. Үүнийг баталж ярьдаг хүмүүс “Өнө өглөгт” хийдээс 30 гаруй км зайд орших “Гэгээн худаг” гэдэг газарт малаа бэлчээдэг байсан бөгөөд бүрээний дуу сонсогдвол хийдэд их хуралтай гэдгийг мэддэг байжээ.