Гэр хорооллыг барилгажуулах ажил 4-р сарын 15-наас эхэлнэ.

Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр:

Зургаан хэсгийн гэр хорооллыг барилгажуулахаар нийслэлээс зарласан. Гэр хорооллыг барилгажуулахын тулд хамгийн түрүүнд анхаарах гол асуудал бол дэд бүтэц. Ханын материалын эцсийн буудал хавийн газар гэхэд л бохир, цэвэр ус, дулаан хангамж, цахилгааны найдвартай эх үүсвэртэй. Дэд бүтцийг нь өргөтгөөд явахад барилга байшин барих бололцоо өндөр. Дараагийн байршил нь Гандан. Энд 61 айл бохирын шугамууд дээр байрласан байгаа. Тэр айлуудыг чөлөөлж чадвал бохир усны шугамыг нь үндсэн цэвэрлэх байгууламжтай холбочих юм. Ингэвэл дэд бүтцийн асуудал нь бүрэн шийдэгдэнэ гэсэн үг. Амгалангийн хувьд Цэргийн их сургууль, УС-15 гээд тэр хавьдаа дулааны нөхцөл нэлээд сайтай. Цахилгааны эх үүсвэр нь ч боломжийн. Цэвэрлэх байгууламж, бохирын цэвэр усны эх үүсвэрүүдтэй. Дарь эхийн овоо, Дамбадаржаагийн тухайд Дэлхийн хөгжлийн банкны хамтын ажиллагааны хүрээнд бохирын шугам тавьчихсан. Одоо ашиглалтыг нь сайжруулах, цахилгааны дэд өртөөнүүдийг барих ажил бий. Өөр нэг онцлох зүйл гэвэл энэ хавьд цэвэр усны шугам очсон байгаа. Тэгэхээр дэд бүтцийн асуудлыг шийдэх боломж бүрэн бий гэж ойлгож болно.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Баянхошуу, Долоон буудал хавийг орчин үеийн хороолол болгох ажил эхэлсэн. Азийн хөгжлийн банкны эхний санамж бичигт гарын үсэг зурснаар Сэлбэ буюу Долоон буудал орчим газарт 250 орчим сая ам.долларын хөрөнгөөр анхны судалгааны ажлууд хийгдээд эхэлсэн. Баянхошууны шинэ эцэс орчмын газар ч тэдний төсөлд хамрагдана.

Газар чөлөөлүүлнэ гэдэг ярвигтай, түвэгтэй асуудал бий. Гэхдээ нийслэлийн гэр хорооллын нийт өрхийн дунд явуулсан судалгаагаар 50-иас илүү хувь нь газраа орон сууцаар солих сонирхолтой гэсэн хариу гарсан. Жишээ нь Зуун айл дээр 300 айлын орон сууц ашиглалтад оруулж байна. Газраа чөлөөлсөн айлуудыг тийш нь оруулах юм. 300 айлыг энэ байранд оруулахад овоо хэдэн га газар чөлөөлөгдөнө гэсэн үг. Газраа чөлөөлсөн айлууд орон сууцанд ортлоо түр байрлах буюу дамжин өнгөрүүлэх байр гэж ойлгож болно.

Гэр хорооллыг барилгажуулах ерөнхий ажлын зураг хийгдэж байгаа. Энэ бол ажил эхэлсэн гэсэн үг. Дэд бүтцийн зургуудыг хийх мөнгийг төсөвт тусгачихсан. Ажлын зургийн хувьд наад зах нь ирэх сарын нэгэнд, хойшиллоо гэхэд гуравдугаар сарын нэгэнд бэлэн болно. Ажлаа 4 дүгээр сарын 15-наас эхлэх төлөвлөгөөтэй байгаа.