Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд: Өнгөрсөн хугацаанд мазаалай баавгайн тоо толгой цөөрч, устах аюул ойрхон байна гэсэн анхааруулгыг эрдэмтэд өгсөөр байсан. 2005 оноос хамтарсан судалгааны баг ажиллаж, мазаалайн тоо толгой, хүйс, биологи, экологи болон ангилал зүйг судалж, 15 баавгайд сансрын болон радио дохиололт хүзүүвч зүүсэн. Мазаалайд хүний сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор Шар хулстын баянбүрдийн дундуурх авто замд хаалт хийж, чиглэлийг өөрчилж байсан байна. Мөн Говийн их дархан газарт 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Мазаалай өсгөн үржүүлэх цэг байгуулсан боловч байршил оновчгүй болж, өсгөж үржүүлэх нөхцөл бүрдээгүй гэсэн шүүмжлэл дагуулсан. Нөгөө талаар мазаалайг судалдаг, үржүүлдэг мэргэжилтнээ бэлтгэх асуудал хоцорч явна. Тиймээс тэрхүү байгуулсан газрыг судалгааны байр болгох чигтэй байгаа. Мазаалайн тоо толгой, шилжилт хөдөлгөөн, идэш тэжээл, үржил, мазаалайд заналхийлж байгаа сөрөг нөлөөлөл зэрэг судлагдаагүй үлдсэн зүйлүүд бий.
Өнгөрсөн 10 дугаар сард мазаалай баавгайг судалдаг, сонирхдог талуудын зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан. Одоогоор 8 эм, 14 эр мазаалай нийтдээ 22 толгой мазаалай бий гэсэн судалгаа бий. Мазаалайн хүйсийн харьцаа алдагдсан, үржил доголдсон гэсэн дүн байдаг. Юуны түрүүнд 2013 оны 1 дүгээр сард 15-20 тн нэмэлт тэжээлийг худалдан авч Говийн их дархан цаазат газрын “А” хэсэгт мазаалай баавгайг ичээнээсээ гарах үед нь нэмэлт тэжээлийн цэгийг тогтвортой ажиллуулах боллоо. Мөн тэжээлийн хэмжээг нэмэгдүүлэх, иддэг ургамлыг нь тарималжуулахаар болсон. Энэ сараас эхлэн төрийн бус байгууллагынхантай хамтран орон нутагт тэжээлийн цех байгуулна.
Ангилал зүйн тал дээр мазаалай өөрөө бие даасан зүйл үү, хүрэн баавгайн зүйл үү гэдэгт маргаантай байдаг юм билээ. Тиймээс ангилал зүйн маргааныг таслахын тулд мазаалайн генетик судалгааг хийсэн байгаа. Хэрвээ Хүрэн баавгайнаас тусдаа бие даасан зүйл бол олон улсын байгууллагын анхааралд орно. Одоогийн байдлаар Түвд баавгайн салбар зүйл гэсэн урьдчилсан судалгааны дүн гарсан байдаг. Энэ судалгаа одоо хүртэл дуусаагүй, ирэх гурван жилийн турш ШУА-ийн Биологийн хүрээлэнд судална гэсэн яриа байгаа.
Мөн одоогоор мазаалайн бамбаруушийг амьтны хүрээлэнд өгөхөөр судалж байна. Манай улсад ийм туршлага байхгүй учраас бамбаруушийг тэжээгээд гаршуулж үржилд оруулж чадах газар сонгоно. Хятадын панда үржүүлсэн туршлагыг ч судалж үзэх хэрэгтэй. Лабораторын нөхцөлд хэрхэн үржүүлсэн зэрэг туршлагаас судалж, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахыг Хятадын Байгаль орчны сайдыг манай оронд ирэхэд нь санал болгосон. Мөн Аляскийн Хар баавгайд үр хөврөл шилжүүлэн суулгаж үржүүлсэн туршлагатай Өмнөд Солонгосын талтай уулзаж, мазаалайн үр хөврөлийг шилжүүлэн суулгах талаар судалгааны санал тавьсан.
Түүнээс гадна Сандиего-гийн их сургуулийн генобанкийн лабораторид Монгол судлаачдыг генетикийн судалгааны чиглэлээр мэргэшүүлэн ажиллуулах гэрээ хэлцэл байгуулах нь зөв гэж шийдсэн. Ангилал зүйн маргаантай асуудлыг 2013 онд багтаан шийдвэрлэж, мазаалай баавгайн генийн нөөцийг тодорхой нөхцөлтэйгөөр хадгалуулах, ашиглуулах гэрээг албажуулах юм. Говийн их дархан газрын эко системд тохирсон нэн ховор амьтдын үндэсний хүрээлэн байгуулах боломжийг судлахаар болсон. Байгалийн зүй тогтлоороо өсч үрждэг, бусад ан амьтан бүхий хүрээлэн байгуулах судалгааны ажлыг 2013 онд эхлүүлнэ. Эко системийг түшиглэсэн хүрээлэн байгуулагдвал эргээд тухайн амьтдыг өсгөн үржүүлэх, хамгаалахад шаардагдах санхүүжилт босгох болон аялал жуулчлалын чиглэлийн ач холбогдолтой. Мазаалайг хамгаалах нь Монгол төрийн ажил. Энэ бол бидний үүрэг. Тахийг бид харсаар байгаад алдсан. Үүн шиг хувь заяаг давтаж болохгүй.