Дэлхийн аялагчдад Монголыг санал болголоо

CNN агентлагаас энэ онд аялахад хамгийн тохиромжтой таван газрыг нэрлэсний нэгдүгээрт Монгол оржээ.

Энэхүү жагсаалтыг эл агентлагийн аялагч сэтгүүлчид гаргасан бөгөөд Олон улсын мэдээллийн албаны ахлах сэтгүүлч Бэн Ведемэн Монголыг хүсэмжит газрын жагсаалтад оруулжээ.

Тэрбээр “Би багадаа Монголын эзэнт гүрнээр аяласан Марко Пологийн түүхийг уншиж байсан. Энэ цагаас Монголын түүхийг судалж, эх хэлийг нь сурсан. Тэд бол агуу түүхтэй хүмүүс. Хэрэв Монголд очих боломж олдвол үзэсгэлэнт тал нутгаар нь аялмаар байна. Монголын эдийн засаг хурдацтай өсөхийн хэрээр нүүдлийн амьдралын хэв маяг алдагдаж, онгон байгалиа сүйтгэж байгаад харамсаж байна” хэмээжээ.

Аялагчдад санал болгосон газруудын удаах байруудад Иордан, Эквадорын Галапагосын арлууд, Австралийн Их барьерын шүрэн хад, Бразилийн Пантаналын бүс оржээ.