“Winter Star-2013” буюу “Хунт нуур”

 
Гавъат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол бүжигчин, АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Д.Алтанхуяг тун удахгүй эх орондоо дахин зочлох гэж байна. Энэ удаад тэр бас л дэлхийн шилдгүүдтэй хамт ирэх ажээ. “Монголын балетын хөгжлийн сан”-г байгуулан ажиллаж буй Д.Алтанхуяг жилд хоёр удаа Монголын үзэгчиддээ дэлхийн шилдгүүдийг танилцуулж буй. Түүний энэ удаагийн хүндэт зочид нь АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Ашли Эллис, Карапетиан нар байх юм. Тэд Монголын тайзнаа алдарт П.И.Чайковскийн “Хунт нуур” балетад бүжих болно. Тоглолт нэгдүгээр сарын 11, 12-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа болно. Энэ удаагийн “Winter Star-2013” тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр, ДБЭТ-ын түүхт 50 жилийн ойд зориулан хийж байгаагаараа онцлогтой.

Сонирхуулахад, ирэх 2013 оныг “Монголын балетын хөгжлийн сан”-гаас “Сонгодог бүжгийг олон нийтэд суртчилан таниулах” зорилготойгоор угтан ажиллаж байгаа гэнэ. Тэр утгаараа “Winter Star-2013” тоглолтын хүрээнд нэгдүгээр сарын 9-ний өдөр Хөгжим, бүжгийн коллежийн оюутнуудад нэг өдрийн семинар, лекц, дасгалыг зохион байгуулах ажээ. Сургалтад МБХС-гийн тэргүүн, МУГЖ Д.Алтанхуяг, тоглолтын хүндэт зочид болох АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Ашли Эллис, Аветик Карапетиан нар оролцоно. Хоёр орны балетын ялгаа хийгээд туршлага солилцох, мөн оюутнууд өөрсдийн мэргэжлийн чадварыг  харьцуулах зэрэг олон талын ач холбогдолтой сургалт болно гэж зохион байгуулагчид онцолж байна.

Сангийн тэргүүн Д.Алтанхуягийн санаачлагаар өнгөрсөн тоглолтуудыг хүүхэд залуус, ахмад настангуудад хөнгөлөлттэй үнээр үзүүлж, урлагийн байгууллагынханд нэг өдрийн тоглолтоо үнэгүй хүргэсэн бол энэ удаа “Хунт нуур” тоглолтыг түүний санаачлагаар сонгодог бүжигт ажил амьдралаа зориулсан, энэ урлагт дуртай хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх гэнэ шүү.