Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар нь дотоод гадаадын аялагчдын очих дуртай үзэсгэлэнт нутаг билээ. Цэнгэг уст нуур, байгалийн өвөрмөц сонин тогтоц, эрүүл цэнгэг агаар нь хүмүүний зүрх сэтгэлийг эрхгүй татдаг. Жил ирэх тутам энд ирэх жуулчдын тоо нэмэгдэж энэ оны 8-р сарын байдлаар дотоодын 14940, гадаадын 4510 жуулчин, ойролцоогор 3200 гаруй тээврийн хэрэгсэл ирсэн байна. Жуулчид өөрсдийн хүсэл сонирхлоос хамаарч жуулчны бааз, гэр буудал, отогуудаас сонголтоо хийдэг. Энд ирсэн аялагчид байгалийн үзэсгэлэнд амрах, малчин айлд зочлох, сарлаг унах, морин аялал, усан аялал болон цаатнуудын амьдрал ахуйтай танилцах зэрэг тусгай хөтөлбөрийн дагуу аялдаг ажээ.