Монголчууд цэлмэг тэнгэр, тунгалаг нартай шинэ оноо угтлаа

Шинэ оны эхний өдөр жавар тачигнаж, жихүүн салхи үлээсэн өглөөгөөр эхлэв. Агаарын  температур үүрээр -35 градус хүрч байсан ч нийслэлийнхэн төдийгүй гадаадын олон зочин Монгол орны шинэ оны анхны нар хэрхэн мандахыг харахаар Төмөр замын “Улаанбаатар” өртөөг зорин иржээ. Галт тэрэгний цуваа 06.00 цаг Улаанбаатараас Хангай зөрлөгийг чиглэн хөдлөв. Монголчууд эртнээс байгаль дэлхийтэйгээ шүтэлцэж, нутаг орон, уул ус, нар, тэнгэртээ залбиран өглөө бүр цай, сүүний дээжээ өргөдөг ард түмэн.

Харин сүүлийн жилүүдэд оны эхний өглөөний болон хаврын тэргүүн сарын шинийн 1- ний нар мандахыг харах шинэ уламжлал нийслэлчүүдэд тогтоод буй. “Улаанбаатар төмөр зам”-ын Аялал жуулчлалын товчоо шинэ оны анхны нар харах “Нарны галт тэрэг” аяллыг 11 дэхь жилдээ зохион байгуулав. Анх хоёр галт тэрэгтэй эхлэж байсан уг аялал нэлээд өргөжиж, энэ удаа 350 орчим хүн зорчсон юм. 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн нар 08 цаг 33 минутад мандаж, Хангай зөрлөгт “Уяхан замбуу тивийн наран” эгшиглэв. Тэнд цугласан олон уухайлах нь уухайлж, хурайлах нь хурайлж, цай сүүнийхээ дээжийг өргөлөө. Зарим нь нарнаас эрч хүч авахаар алгаа дэлгэж, нүдээ анин залбирна. Шинэ оны нар харах ёслолд оролцож буй нэгэн иргэн “Би шинэ оны анхны нар харах аялалд гурав дахь жилдээ оролцож байна.

Өнгөрсөн хоёр жилд хүсэж, залбирсан бүхэн маань биелж, ажил үйлс ч бүтэмжтэй байсан. 2012 оны эхний өдөр тэнгэр нэлээд бүрхэг байсан болохоор нар сайн харагдаагүй, баримжаагаар л сүүний дээжээ өргөсөн. Харин энэ жил нар сайхан мандлаа. Тэнгэрт бүртийх ч үүл алга. Тэгэхээр 2013 он Монгол хүн бүрийн амьдралд илч гэрэлээ түгээсэн сайхан жил болох  байх” гэв. Гадаадынхан, тэр дундаа япончууд Монголын нар хэрхэн мандахыг харах гэж олноороо ирдэг болжээ. Японы иргэн, 58 настай Яшихоро “Би шинэ оны нар харах ёслолд оролцохоор анх удаа Монголд ирсэн. Гадаа үнэхээр хүйтэн байгаа ч нар мандахыг харах гайхалтай байлаа. Хэдийгээр Японыг Наран улс гэдэг ч олон давхар байшин, уур манан дундаас нар мандахыг харна гэдэг хэцүү. Харин Монголд нар мандах нь үзүүштэй сайхан зүйл байдаг юм байна” хэмээн ярив. Ийнхүү монголчууд цэлмэг тэнгэр, тунгалаг нартай шинэ оноо угтлаа.