Метро 2020 онд ашиглалтанд орно.

Энхтайвны өргөн чөлөөний дагуу буюу Толгойт өртөөнөөс Амгалан хүртэлх чиглэлээр хотыг зүүнээс баруун тийш холбосон 17.7 км урттай баригдах метроны төслийн танилцуулга өчигдөр Худалдаа аж үйлдвэрийн танхимд боллоо. Энэхүү метроны шугам нь Зүүн дөрвөн замаас, Баруун дөрвөн замын хоорондох 6.6 км-т газар доогуур тавигдах аж. Харин Зүүн дөрвөн замаас Амгалан хүртэлх 4.9 км, Баруун дөрвөн замаас Толгойт өртөө хүртэлх 6.2 км урт шугамыг өргөгдсөн гүүрэн хэлбэрээр тавихаар төлөвлөжээ. Улаанбаатар метро нь 14 өртөө бүхий 2 шугамаас бүрдэх бөгөөд Толгойтоос Амгалан хүртэлх 18 км зайг ойролцоогоор 30 минутанд туулах аж. Улаанбаатар метро-г байгуулах туннель, гүүр, өртөө зэрэг барилга, дэд бүтцийн зардал, вагон болон бусад техник тоног төхөөрөмжийн зардалд нийтдээ 1.5 тэрбум долларын зардал гарах тооцоо гаргажээ. Метроны төвийн шугам дагуу ойролцоогоор 10.2 тэрбум ам.долларын үл хөдлөх хөрөнгийн зах зээл шинээр бий болно гэж тооцоолоод байна. Тухайн үл хөдлөх хөрөнгө дээр үйл ажиллагаа явуулах дэлгүүр хоршоо, бизнесийн байгууллагуудад 156 мянган хүний шинэ ажлын байр бий болно гэж үзэж байгаа аж.